Өнөөдөр цусны донорын өдөр
2015-06-14

Хэзээ ч нүүр тулан уулзахгүй, танихгүй хэн нэгэнд зориулан сэтгэл харамгүйгээр ариун цусаа бэлэглэж, бусдын алтан амийг аврагч ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, алдаршуулах, тэдэнд талархлаа илэрхийлэх боломжийг  олгох өдрийг дэлхий нийтээр 2004  оноос эхлэн Дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн. Энэ өдөр өнөөдөр тохиож байна. 

 

 

Сая сая хүний амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулахад цус сэлбэх эмчилгээ  амин чухал үүрэгтэй болохыг  олон нийтэд ухамсарлуулах


Олон олон хүнд тогтмол, авлагагүй, сайн дурын цусны донор болох хүслийг төрүүлэх, улмаар улс орны хэрэгцээг хангахуйц цусны нөөцийг бүрдүүлэх  баталгаа болох

 

Тогтмол хугацаанд цусаа бэлэглэж шинжилгээнд орсноор байнгын, авлагагүй, сайн дурын донорууд нь эрүүл амьдралын хэв маягийн үлгэр дууриалал болж байгааг  тэдний нийгмийн эрүүл мэндийн салбарт гүйцэтгэж буй үүрэг гэж хүлээн зөвшөөрөх



Цус сэлбэлтийн алба нь бүхэлдээ сайн дурын донорт суурилсан улс орны тоо 2002 онд 39  байсан бол өнөөдөр 62 улс энэ тогтолцоонд бүрэн шилжсэн байна. 2009 оны Мельбурны тунхаглалаар 2020 он гэхэд улс орнууд 100% авлагагүй сайн дурын донортой болохыг  уриалсан байдаг. 



Цус нь төрөхийн хүндрэл, зам тээврийн осол гэмтэл, томоохон мэс засал, цусны хавдар болон  төрөлхийн цусны өвчний үед өөр юугаар ч орлуулшгүй эмчилгээний бэлдмэл, биологийн үнэт зүйл юм. Дэлхий даяар жил бүр хамгийн багаар тооцоход 90 сая нэгж цусыг хүний амь аврах болон эрүүл мэндийг сайжруулах зорилгоор сэлбэдэг байна. Гэвч энэ нь өдөр бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц хэмжээ биш юм. Аливаа улс орны  хүн амын 3% нь сайн дураараа авлагагүйгээр цусаа бэлэглэдэг бол аюулгүй, найдвартай цусны хангамжийг бүрдүүлнэ гэж үздэг бол дэлхийн 70 гаруй оронд хүн амын дөнгөж 1% нь цусаа бэлэглэж байгаа нь цус, цусан бүтээгдэхүүний хангамж нь тулгамдсан асуудал болоод байгааг харуулж байна. 
 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин