Ажлын хэсэг хуралдав
2015-06-15

УИХын даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.



Хуралдаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Дэмбэрэл, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл оролцов. Мөн Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий, Санхүүгийн зохицуулах хорооны Эрх зүйн хэлтсийн дарга О.Батбилэг болон Хууль зүйн байнгын хорооны 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 04 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын дэд хэсгийн бусад гишүүн оролцсон юм.

 

Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд болон Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, ажлын дэд хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцлээ.

 

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2015 оны 02 дугаар сарын 05-нд УИХ-ын даргад Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өргөн барьсан юм. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн давуу болон сул талууд, үр нөлөөтэй хэрэгжиж байгаа зүйл заалтыг судлан үзэж, хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэхээр боловсруулжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин