Улаанбаатар
Өмгөөллийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
2015-6-16

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод  Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Өмгөөллийн тухай хуулийн төслийг  өргөн барилаа.

 

 

2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2002 онд батлагдсан Өмгөөллийн тухай хууль хүчингүй болж, улмаар 1000 гаруй гишүүнтэй, 85 жилийн түүхтэй, бие даасан, хараат бус, улсын төсвөөс санхүүжилт авдаггүй мэргэжлийн холбоо эрх зүйн хувьд зохицуулалтгүй болсон.



Энэ хугацаанд дотоодын хуульч мэргэжлийн эрдэмтэд, шүүгч, прокурор, өмгөөлөгч болон бусад хуульчдын зүгээс өмгөөллийн үйл ажиллагааны бие даасан байдал, өмгөөлөгчийн хараат бус байдалд бий болсон эрсдэл, алдааг залруулах, иргэний өмгөөлүүлэх болон хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийн баталгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчимд нийцүүлэх зорилгоор Өмгөөллийн тухай хуулийг дахин бий болгох, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдлыг хуулиар баталгаажуулах саналыг удаа дараа гаргасаар ирсэн.

 

Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалдаг, үйлчлүүлэгчтэй харилцах мэргэжлийн ёс зүйн асуудал шүүгч, прокурорын албан тушаалын хариуцлагаас өөр, мөн хуульчид мэргэжлийн хариуцлага хүлээлгэх чиг үүрэг бүхий Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнд шүүгч, прокурор нар түлхүү орсноор өмгөөлөгчдийн хараат бус, бие даасан байдал алдагдах нөхцөл үүссэн хэмээн үзжээ. Энэ талаар Монголын Хуульчдын холбооноос тодорхой үндэслэл, судалгаа бүхий саналаа холбогдох яаманд гаргасныг үндэслэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан болохыг УИХ-ын даргад танилцуулсан юм.



Гадаад улс орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх, өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн эрх зүйн байдалд хамааралтай олон улсын гэрээ, конвенцуудын заалтуудыг судалж тусгахын зэрэгцээ мэргэжлийн байгууллагуудаас санал авах ажлын хүрээнд хэлэлцүүлэг, хуулийн төслийн танилцуулгыг хийж, тэднээс өгсөн саналыг судлан, ач холбогдол бүхий саналуудыг тусган 6 бүлэг, 34 зүйлтэйгээр Өмгөөллийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.



Уг хуулийн төсөл батлагдсанаар Монголын Өмгөөлөгчдийн холбоог дахин зохион байгуулж, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг хуульчлагдан зохицуулах бөгөөд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүрэг хуулиар батаалгаажиж, улмаар үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг мэргэжлийн өмгөөлөгч хамгаалж, өмгөөллийн үйл ажиллагаа мэргэжлийн түвшинд явагдах эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин