Цэц их болон дунд суудлаар хуралдана
2015-06-16

Үндсэн хуулийн цэц 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн заалт нь “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэдгийг тогтоож дүгнэлт гаргасан билээ.

 

Энэхүү дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Иймд хуулийн дээрх заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Цэцийн их суудлын хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болно.

 

Харин ирэх долоо хоногийн баасан гарагт Дунд суудлын хуралдаан болно. Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын зохицуулалт нь Улсын Их Хурлын нэг гишүүнд хамт /кабинет/-ын зарчмаар ажилладаг Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах эрхийг олгосон байна. Энэ нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ. Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин