Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив
2015-06-16

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Жейн Арнолд өнөөдөр  Итгэмжлэх жуух бичиг барив.

 

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Кэтрин Арнолдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британи нь Монгол Улстай барууны орнуудаас анх түрүүнд 1963 онд дипломат харилцаа тогтоож, хоёр талын хамтын ажиллагааг өндөр түвшинд хэрэгжүүлж ирснийг дурдлаа.

 

Хоёр орны хооронд улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж ирснийг талууд уулзалтын үеэр тэмдэглэж байв. Их Британийн уул уурхайн чиглэлийн хэд хэдэн компани Монгол Улстай хамтран ажиллаж байгаа буюу хамтын ажиллагааны баримт бичиг боловсруулж байгуулах шатанд байгааг мөн дурдацгаав.

 

Эдийн засгийн хамтын ажиллагаа нь өндөр дээд түвшний айлчлалуудаар дэмжигдэж байдаг. Их Британийн Эрхэм дээд ханхүү Харри Монгол Улсад айлчлах урилгатай байгааг уулзалтын үеэр дахин нотоллоо.

 

Мөн ирэх 2016 онд Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Дэвид Камерон хүрэлцэн ирж оролцоно гэдэгт итгэж байгаа болон энэ оны долдугаар сарын 29-нд тэмдэглэх Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль болсны 25 жилийн ойн арга хэмжээнд тус улсаас зочид ирнэ хэмээн хүлээж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийллээ.

Shuud.mn
Сонин хачин