Хурдны зам төсөлд дэлхийн компаниуд зөвлөхөөр ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Алтанбулаг–Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам барьж ашиглалтад оруулах” тухай бүтээн байгуулалтын ажлыг тусгасан. Үндэсний хэмжээний уг бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар Алтанбулаг-Хөшгийн хөндий хүртэл 400 гаруй км газарт зам барилгын ажлын нарийвчилсан зураг төсөл боловсруулах шатандаа явж байгаа гэнэ.
“Чингис сивил инженеринг” компани Монгол инженерүүдийнхээ тусламжтайгаар замын зургийн ажлыг гүйцэтгэж дуусч байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлаараа дэлхийд 9-д жагсдаг, нэр хүнд туршлага бүхий СССС компани зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Монголчууд түүхэндээ анх удаа өөрсдийнхөө хүч чадлаар хөрөнгө мөнгө, боловсон хүчнээ шийдэж маш том хэмжээний бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх гэж байгаа нь энэхүү хурдны зам аж.
Уг бүтээн байгуулалтын ажлыг “Чингис лэнд девелопмент групп” гүйцэтгэх бөгөөд өнгөрсөн хугацаанд тэд Эдийн засгийн хөгжлийн яамтай “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны авто зам барих төсөл дээр Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцлөөр концессийн гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу авто замын трассыг нь Зам тээврийн яамнаас баталж, техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, геологи, геодези, гидрогеологийн өрөмдлөг, суурь судалгааны ажлаа хийж гүйцэтгэсэн.
Хурдны замын эхний ээлжийн хэсэг болох Алтанбулаг–Улаанбаатар чиглэлийн замын зургийг ойрын хугацаанд дуусган экспертизээр батлуулаад, энэ зундаа Зам барилгын ажлын тендерийг зарлах гэнэ. Ингэснээр энэ том бүтээн байгуулалтын ажилд гадаад, дотоодын зам барилгын олон компани орж, ажлын байрууд бий болох боломж бүрдэх ажээ.
Алтанбулаг, Замын-Үүд чөлөөт бүсүүд нь Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор үүсгэх таатай газарзүйн байршилтай. Энэ утгаараа хурдны зам баригдсанаар Монгол Улсын хөгжил улам урагшилж, улс орны эдийн засаг сэргэж, дагаад ард түмний амьдрал амьжиргаа дээшлэх ажээ. Алтанбулаг–Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 1000 км транзит тээврийн хурдны замнь хоёр урсгал, зургаан эгнээтэй байхаар төлөвлөгдөж байгаа юм.
Нийтдээ 10-12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах урьдчилсан тооцоо гарсан бөгөөд гүйцэтгэгч компанийн зүгээс дотоод, гадаадын томоохон компаниудтай хамтран хөрөнгө мөнгөө босгож байна. Тэд барьсан хурдны замаа 30 жилийн хугацаанд ашиглан, Монгол Улсын төрд үнэ төлбөргүй шилжүүлэх учиртай. Гадаадын өндөр хөгжилтэй улс орнууд ийм л зарчимаар явж, ингэж л зам, барилга орон сууц гээд бүхий л дэд бүтцээ шийдсэн байдаг ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ