АТГ-ыг айлгасан Н.Алтанхуягийн хууль

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачлан, өргөн барьсан хууль бүхнийг айлгагч АТГ-ыг сандаргаж эхлэв. Эрхэм гишүүн энэ сарын 4-ний өдөр УИХ-ын даргад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан. Тэрбээр сэмхэн санаачилсан хуулиа Засгийн газарт ногоон гэрлээр оруулж, УИХ-ын түвшинд хүргэсэн. Мягмар гаригийн Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаас ч дэмжлэг авч, цааш явах зам нь нээгдэв. Ингэснээр Н.Алтанхуягийн санаачилсан хууль өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.
Харин энэ хурдан үйл явц АТГ-ынхныг түгшээж эхлэв бололтой. Учир нь Н.Алтанхуягийн санаачилсан хууль батлагдвал АТГ-ыг хүчгүйдүүлэх “увидастай”. Авлига өгсөн, авсан, зуучилсан гэх хэргийг л тус газарт үлдээнэ. Эрх мэдэлтнүүдийг ангуучлаад буй албан тушаалын гэх хэргүүд цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Төрийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төрийн бус нэгжийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүй хөрөнгөжих, хээл хахуул өгөх, авах, зуучлах, мөнгө угаах гэх гэмт хэргүүд бүгд АТГ-ын эрх мэдлээс гарна гэсэн үг. Үүнийг АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “АТГ хээл хахуултай тэмцэх байгууллага болж хувирна” хэмээн тайлбарлав.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хуулийн төслийг танилцуулахдаа АТГ-ыг 82 жилийн өмнөх Дотоодыг хамгаалах газартай зүйрлэж, хэн бүхнийг шорон гяндангаар айлгадаг тогтолцоог өөрчлөх шаардлага байгааг дурдсан. Н.Алтанхуяг ч өөрөө АТГ-ын бай хараанд одоо ч бий. Түүнийг Ерөнхий сайд байхад охиныг нь АТГ-аас шалгаж, нулимсыг нь үзсэн. Түүний дараа ахлах зөвлөх Л.Гансүхийг нь нүүрсний хэргээр шалгаж, “аав”-ынд хорьж, үйлийг нь багагүй үзсэн. Харин одоо хүргэн Г.Дэнзэнг нь хорьж, шалгаж буй. Эвгүйдвэл Г.Дэнзэн, Л.Гансүх нарын хамсаатан болчих гээд буй нь эрхэм гишүүнийг айлгасан байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс ч энэ хуулийн төслийг санаачилсан гэдгийг АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс төрийн өндөрлөгүүдэд илгээсэн ил захидалд дурджээ.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад яаран илгээсэн ил захидалд Н.Алтанхуягийг ашиг сонирхолдоо хөтлөгдсөн гэдгийг дам дайжээ. Мөн түүнийг авлигатай тэмцэх байгууллагын бие даасан, хараат бус байдалд хөндлөнгөөс илт оролцож, АТГ-ын татан буулгахыг санаархаж байна хэмээн дурджээ. Товчхондоо АТГ Н.Алтанхуягийг “шударга ёсны тогтолцоог бий болгоход саад учруулагч” хэмээн нэрлэв.
Төрийн эрх мэдэлтнүүдийн байгуулсан АТГ өдгөө өөрсдийг нь ангуучилдаг “мангас” болсон. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хилийн хоригийг хавтгайруулж битгий аваач” гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд “Хуульд олон боломж байхад ганцханыг нь ашиглаж битгий хориоч” хэмээн АТГ-ынханд учирласан. Үйл ажиллагаа чинь нэг л болохгүй байна шүү гэдгийг төрийн томчууд хэлсэн хэрэг. Тиймдээ ч эхнээсээ “мангас”-аа дарах оролдлогыг хийж, нөхөд нь ч гар өргөн дэмжиж байна. Нэг л өдөр “толгойг нь залгих” хүчирхэг “мангас”-ынхаа хүчийг сааруулах ажилд саад хийх зоригтон парламентад байхгүй л болов уу.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ