ҮАБЗ-ийн саналаар хэлэлцэх асуудлаа хойшлуулж болохгүй
2015-06-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, санаалаа хэллээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-ҮАБЗ-ийн саналаар хэлэлцэх асуудлаа хойшлуулна гэдэг байж боломгүй зүйл. Хайгуулын лиценз зогсоох асуудал хэлэлцэж байхад Аюулгүйн зөвлөлийн аппаратын 3 хүн очоод зогсоож байсан юм. Монголд Аюулгүйн зөвлөл гэдэг төрийн институци байхгүй. Тэгээд очиж очиж Байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулахдаа Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэдэг байж боломгүй.

 

Дээр нь Шүүхийн асуудалд тоог нь үгээр солилоо. Үндсэн хууль, цэцийн гишүүд амьд байгаа. Тиймээс дахиад цэцийн дүгнэлт гарна. Цэцийн дүгнэлт гарсны дараагаар Лүндэндорж ярилцлага өгсөн. Одоо үгээ солих замаар дахиад Үндсэн хууль зөрчиж байна.

Би байнгын хорооны гишүүдэд хичээнгүйлэн гуйж хүссэн. Хууль нь амьд, хүн нь амьд байхад ингэж хууль зөрчиж болохгүй гэж хэлсэн. Үндсэн хуулийг улаан цайм зөрчдөг зүйлээ хэзээ зогсох вэ. Үндсэн хууль, ард түмэн мөнх, Ерөнхийлөгч дөрвөн жилийн дараа хугацаа нь дуусаад явна. Энэ асуудлыг хэлэлцэхээр энэ хүн чуулган дээр үзэгдэхээ болилоо. Монголоос зугтаж чадахгүй дээ. Цэц нь илэрхий дүгнэлт гаргачихаад байхад тоог нь үгээр сольчихоод ороод ирж болохгүй.

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Ганбат:

 

-Та бол олон юмыг урьдчилж хэлдэг. Яг Ванга эмээ шиг. Гэхдээ та хоёр ялгаатай. Ванга эмээ бол сохор байсан. Та хараатай хүн. Би улс орныхоо нөхцөл байдлыг ойлгож байгаа. 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа энэ нөхцөл байдлыг харж чадаагүй байх. Гэхдээ Үндсэн хуулийн цэг таслал бүрийг мөрдөх ёстой. Гэхдээ дахин Цэцийн дүгнэлт гарахгүй байх. Харж л байя.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Энэ хуулийн төсөл 2012 оны сонгуулийн дараа бяралхаж хийсний гор гарч байна. Хуулийнхан ширээ сандлаа бариад явж байдаг хүмүүс боллоо.

 

Ийнхүү зарчмын зөрүүтэй санал хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хууль зөрчсөн үйл ажиллагааг дэмжих боломжгүй учир би хуралдааны танхимыг орхин гарлаа гэсэн юм. Тиймээс зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэхээр болсон юм.

 

Шүүх байгуулах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжлүүлээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин