ЗХЖШ-ын даргаар Д.Давааг томилохыг дэмжив
2015-06-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ЗХЖШ-ын даргаар Д.Давааг томилох асуудлыг зөвшилцөхийг хэлэлцэн дэмжив. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчд асуулт тавьж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-ЗХЖШ-ын дарга бол цэргийн дээд удирдлага. ҮАБЗ-тэй хамтарч ажиллах ёстой. Нарийн мэдрэмж, стратегич байх ёстой. Энэ стратегич бодлого нь хэр вэ? Жанжин штабын дарга улс төрөөс ангид байдаг. Сонгуулийн үед  офицерууд нь хугацаат цэргийн албан хаагчийг бөөнд нь оруулаад санал өгчихдөг. Энэ бүхнээс хараат байж чадах уу. Нэр дэвшигчийн хувьд дэмжиж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Хуулиа сайн мэддэг,  туршлагатай хүн гэж нэр дэвшигчийг үзэж байгаа. Геополитик өөрчлөгдөж байгаа. Батлан хамгаалах зөвхөн буу зэвсгээр улс орноо хамгаалах бус технологийн дэвшил, өндөр мэргэжлээр улс орны тусгаар тогтнолыг хамгаалах шаардлагатай. Цэргийн ар гэрийнхний амьдралд анхаарлаа хандуулаарай гэж хэлье. Гадаадад цэргийн алба хааж байгаа олон залуус байгаа. Энхийг сахиулах албанд яваад ирсэн. Цэргийн алба хааж байхдаа байгаль цаг уурын нөхцөлөөс бол эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах тохиолдолд гардаг.  Энэ хүмүүсийн ар гэрийг онцгой анхаараарай.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Д.Даваа генералыг дэмжиж байна. Батлан хамгаалахын салбар төр, засгийн хэмжээнд бага яригддаг. Даргыг нь  энгийн хүмүүсээс  томилдог. Харин томилогдож байгаа энэ хүн мэргэжлийн хүн байна. Батлах хамгаалахын салбарыг мөнгөний нүдээр хардаг. Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого ярьж байхад цэргийн аж үйлдвэрийн асуудал байгуулна гээд яриад явж байна. Манайх одоо хойд Солонгос юм уу.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

 

-Цэргийн бодлогын асуудал орчин үед өөрчлөгдсөн. Энгийн цагт цэргийн бодлогыг хэрхэн авч явах вэ? Бодлогын уялдаа холбоонд маргаантай зүйл гардаг. Мэргэжлийн талаас нь анхаарах хэрэгтэй. Зөв зохион байгуулж чадвал манай батлах хамгаалах салбар чанартай болох бололцоо байгаа.  Энэ хүнийг дэмжиж байна. Ажилд нь амжилт хүсье.

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

 

-ЗХЖШ-ын дарга гэдэг мэргэжлээрээ хамгийн дээд албан тушаал. БХ-ын сайд нь улс төрийн албан хаагч. Тэгэхээр Д.Даваа генералыг мэднэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бэлтгэгдсэн,   шаардлага хангасан хүнээ дэвшүүлж байна. Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн байдлыг нь харахад ЗХЖШ-ын даргыг хийж чадах хүн гэж бодож байгаа. Монгол төрийн шинэ баримт бичгийн бодлогыг хэрэгжүүлэхэд та ямар бодолтой байна вэ? Таныг томилогдохтой зэрэгцэн батлагдах баримт бичиг юм.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Төрөөс цэргийн бодлогын талаар баримт бичгийг удахгүй батална. Монгол Улс нэгдмэл улс. Манай улсад олон зэвсэгт хүчин байж таарахгүй. Тиймээс зэвсэгт хүчний нэгдмэл байдал чухал юм. Зэвсэгт хүчинд тендэр, хөрөнгө оруулалт үнэхээр хомс. Үүнийг УИХ бэхжүүлж өгөх хэрэгтэй. Улстөржүүлээд онгоцны мотор зарлаа гэж байна. Гэтэл ямар ч онгоцны мотор зарагдаагүй. Харин улстөржүүлж батлах хамгаалахын салбарыг муулаад байдаг.

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин