З.Энхболд: Албан ёсны компанид өгөх үү, нинжад өгөх үү

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Үдээс хойшхи хуралдаанаар Гацууртын ордод төр хувь эзэмших тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих санал хураалтаар эхлэв. Санал хураалтад оролцсон гишүүдийн дийлэнх нь уг тогтоолын төслийг дэмжсэнгүй. Уг төслийг хууль санаачлагачид буцаалаа.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн ийм санал хэлэв.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Сонсч байгаа, хүлээж авах хоёр өөр асуудал. “Ноён” уулын мөнх цэвдэгийн судалгааг хийгээгүй тохиолдолд энэ ордыг ашиглах боломжгүй. Гацууртын ордод хуйвалдаан байгаа. Энэ хуйвалдаанд бид үйлчилж, нэг сайдаараа туг тахих гээд байна уу.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Байгаль өөрөө цогц эко систем. Мөнх цэвдэгийн судалгааг хийлгэ. Байхгүй гээд биччих гэж явахаа боль. Энэ бол яг Оюутолгойн тод жишээ. Ийм луйврыг харсаар байж ухуулах шаардлагагүй. Бороо гоулд Ноён уулыг ухах эрхгүй компани. Эндээс ухуулах шийдвэр гаргавал юу болох бол. Өнөөдөр зөвшөөрсөн санал гаргана. Кнопоо дарсан байдлыг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Наанаа Ноён уулаа ухуулахгүй гэсэн хэрнээ кнопоо дарахдаа лоббид автдаг. Тэгэхээр ил болгох хэрэгтэй. Ихэс дээдсийн шарилдаа хүрэх хүртлээ өлсөөгүй байгаа. үгээ хэлж байгаа шигээ кнопоо дараарай. Р.Жигжид сайдын асуудлыг тавина шүү.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Засгийн газар төрт ёсны улсын хамгийн чухал зүйлийг хөндөх гэж байгаагаа эргэж харах хэрэгтэй. Тиймээс “Ноён” уулын асуудлыг хойш тавъя.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Нинжа нарын асуудлыг зохицуулах Ажлын хэсгийн ахлагч. Гэтэл өчнөөн сар жил хугацаа болоод байхад шийдвэрлэхгүй байна. Үүнийг шийдвэл, 250 мянган хүний өргөдлийг хааш нь шилжүүлэхийг шийдвэрлэчихвэл дэмжих боломжтой болох гээд байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Бид гадны эрхзүйн туслалцаа авсан гэж байна. Бид уул усаа ухахдаа гаднаас асууж яах юм. Арай биш ээ. Тэгсэн дор нутгийн иргэдээс асуу. Уул уусаа сонсъя. Дэд сайд өсөн нэмэх ролятиг нэмж ашгаа ярих юм. Бид чөлөөлчихсөн.
УИХ-ын гишүүн М.Батчимэг: Эргэлзээ тайлагдвал дэмжиж болно. Гэвч олон асуудалд эргэлзээ тайлагдахгүй байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг нэг хэсэг нь эх оронч, нөгөө хэсэг нь худалдагдсан болж хувирмааргүй байна. Үнэхээр зөв явж байгаа бол гурадагч орны хөрөнгө оруулагчдыг дэмжмээр байна. Гэтэл бид ойлгомжгүй хууль журам, авираараа гадныхныг айлгаж байна. УИХ Засгийн газрын хамаг асуудал руу ордог гажиг тогтолцоо бий болсон байна. Засгийн газар олигтойхон ажиллаад намын бүлэг дээрээ эргэлзээгээ тайлах хэрэгтэй. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол Монголын төр улам хүчгүйдэх юм байна.
УИХ-ын дарга З.Энхболд: Албан ёсны компанид өгөх үү, нинжад өгөх үү гэдэг тэмцэл явж байгаа. Гишүүд санал хэлж дууслаа. Одоо саналаа хураая.
Санал хураалтын дараа УИХ-ын дарга З.Энхболд “Гацууртын ордыг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Арван сайд алга. Засгийн газар өөртөө гомдох хэрэгтэй. Хохь нь” хэмээн Засгийн газарт хариуцлагатай байхыг сануулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ