“Smile” авсан байгууллагуудыг зарлаж байна
2015-06-19

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байаа аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарласан.


Уралдааны хүрээнд нийслэлийн хэмжээнд  51 ажлын хэсэг байгуулж 15 мянган аж ахуйн нэгжийн тохижилт, ногоон байгууламж цэвэрлэгээнд хяналт тавьж эхэлсэн юм. Аж ахуйн нэгж байгууллага, иргэд хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хугацаатай үүрэг өгч байгаа бөгөөд хоёр долоо хоногийн дараа үүрэг даалгаврын хэрэгжилттэй эргэн танилцаж биелэлт  нь хангалттай бол “smile” наалт , хангалтгүй бол “гахай” наалт нааж байна.  Уралдаан зарласнаас хойш орчноо сайн тохижуулж, хотын гудамж талбайд өнгө нэмж “Smile” авсан зарим газруудыг зарлаж байна.


Хан-уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Реасе бридж” зочид буудал, “Гал” хүнсний дэлгүүр, “Queens dream salon”, 11-р хороонд байрлах “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах газар”, “Грийн вилла”, “Жардэйн” ,”Будда Виста”, 15-р хороонд байрлах “Цэнгэлдэх” супермаркет, Тараг шим хүнсний дэлгүүр, “Очирваань” СӨХ, МХАҮТ,  “Корпорейт” зочид буудал зэрэг байгууллагууд нь гаднах тохижилтондоо анхаарч, цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт хийн бургас, улиас,шар хуайс, гацуур, чацарганы мод, тэхийн шээг мөн сакура, өнөр цэцэг тарьж, цэцгийн үрсэлгээ хийсэн тул инээмсэглэл  наалтыг наалаа.
Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах Батлан хамгаалахын их сургууль 5000 ширхэг  хайлаас, шар хуас, чацаргана, улиас гэсэн 5 төрлийн   мод тарьсан тул “smile” наалт авав.


Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Далай тур” ХХК хус,хар мод,хуш, гацуур,улиас, шар хуайс хайлаас, үрэл монос, бургас,алим,лийр чангаанз, чавга, долooгоно, чацаргана үхрийн нүд, нохойн хошуу, боролзгоно, алтан зул, наранцэцэг, жамьяан мядаг /мандалын/ хумсан цэцэг, уулын хонгор зул гэсэн 24 нэр төрийн мод бут, жимсний мод цэцэг, саладны навч,цагаан лууван, өргөст хэмх / 2 сортоор/, сонгино, яншуй, гоньд, лууван зэрэг 8 төрлийн төмс, хүнсний ногоо тарьж уургуулж байна. Мөн  амралтын газраа усан оргилуур буюу цөөрөм,гэр, хаус  гэсэн 3 хэсгээр ногоон орчинтой уялдуулан тохижуулжээ.
Багахангай дүүргийн 44-р цэцэрлэг “Цэцгээр гоёсон цэцгийн мандал” сарын аяныг өрнүүлж бүтээн байгуулалт, тохижилтын чиглэлээр 5.505.900 төгрөг зарцуулсан байна. Соёлын ордон  гадна талбайг зүлэгжүүлэн 8  ширхэг цэцгийн мандал хийсэн. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны “Фигур“салон гадна фасад засвар, дотор цэвэрлэгээ хийж ,  Төр Засгийн Үйлчилгээний авто бааз , 74 дүгээр цэцэрлэг,  50 дугаар сургууль ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн тул инээмсэглэлээр шагнууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мөн ч сонин юмаа. дотроо ус байхгүй өмхий ханхалсан, шал нь мөөгөнцөртсөн, гаднаа бүх хана нь хурсан заясангийн байгууллагын үүдэнд SMAIL наасан байх юм. Хулгайлаж авчраад наав уу. Хуйвалдаад наав уу.
2015-06-19