Газрын маргааныг шүүхээр шийдвэрлэнэ
2015-06-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаан Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр эхэллээ.  Иргэн өмчийн газраа банкинд барьцаалахад шүүхээр дамжихгүйгээр үл маргах журмаар шийдвэрлэх заалтыг нэмж тусгаж байгаа билээ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг  иргэн өмчөө үл маргах бус шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Хууль зөрчиж байна гэж үзэж байлаа. Тиймээс  барьцаалсан газарт маргаан үүсэхэд шүүхээр шийдвэрлүүлэх санал нэмж тусгажээ. Хуулийн төсөл зарчмын зөрүүтэй саналаар санал хураалаа.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэллээ.

 

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

 

-Өчигдөр  Үл хөдлөх хөрөнгөө барьцаалах тухай хууль байнгын хороонд дэмжигдээгүй. Өнөөдөр бид хашааны газраа барьцаалж, газар дээрээсээ хөрөнгөтэй өмчтэйгээ мэдэж, түүнийгээ өөд татмаар байна. Бид чадна. Итгэдэггүй үе байлаа. Малыг малчдад хувьчлах гэхээр анх итгээгүй.  Одоо мал 55 саяд хүрсэн байна. Хувийн өмчөө хүн яаж өсгөж, үржүүлдгийг харсан. Дараагаар нь орон сууцны хувьчлал явагдахад мөн л зарчихна, гадныханд өгчихнө, орон сууц нь хэдхэн жилийн дараа нурчихна гэж байсан. Гэтэл өнөөдөр орон сууцаа яаж авч явж байна. Өмчтэй хүн эрх чөлөөтэй байдаг юм. Өмчөө яаж захиран зарцуулах эрхийг нь нээгээд өгчих. Энэ боломж нь мөн газрын харилцаан дээр байна. Газраа барьцаалаад хөрөнгөө босгож чаддаг болгох хэрэгтэй. Тийм учраас бид иргэддээ итгэе.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Газар барьцаалах зээл авах нь нээлттэй. Одоогийн хуулиар болж байгаа. Үндсэн хуулийн хоёр заалтыг энэ удаагийн хуулийн төсөл зөрчөөд байна. Нэгдүгээрт шүүхэд хандах, хоёрдугаарт өмчтэй байна гэдэг эрхэд нь халдаад байна. Үл маргах журмаар шийдэх нь өмчтэй байх эрхийг нь зөрчөөд байна. Э.Бат-Үүл “2012 онд газраас 1 сая ам.доллар авъя гэвэр битгий өг” гэсэн шүү дээ.  Хүн хоёр нүүртэй, хууль нэг нүүртэй шүү. 24 жилийн дараа хүний өмчийг шүүхийн бус үл маргах журмаар хурааж авч болдог юм уу. Энэ асуудлаар Э.Бат-Үүл Б.Жаргалсайхантай ноцтой маргаад явж байсан. Иргэн хүн 0.07 газрыг нь шүүхээр дамжуулахгүйгээр авчихна гэж юу гэсэн үг вэ? Тэр дундаа Цэцийн дүгнэлт 2006 онд гарчихсан. Дахин төлөвлөлтөөр өмчтэй байх нь зөв.

 

УИХ-ын дарга З.Энхболд:

 

-Ц.Нямдорж гишүүн асуудлаа ойлгоогүй үг хэллээ. Шүүхэд очоод хялбаршуулсан журмаар шийд гэлээ.  Би шүүхэд очуулах заалтыг нь дэмжүүлэх гээд байна.  Нямдорж гишүүн ээ Барилгын компаниудын эсрэг заалт орж байгаа. Иргэд өөрсдөө зээл авч байшин барина. 25 жил болоход өөрчлөгдөх болно доо, Ц.Нямдорж гишүүн ээ. Хашааны газартай хүн яагаад зарж болдоггүй юм. Шүүхийг нэмж оруулж байгаа сайжруулж байгаа заалт шүү.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Хашааны газрыг барьцаанд тавиулаад мөнгө олуулах гэж нэг хэсэг нь үзээд, нөгөө хэсэг нь эсэргүүцээд байгаа юм шиг яригдаад байна. Тиймээс хуулийн экспиртиз хийлгэвэл ямар вэ?

 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан:

 

-Үл хөдлөх хөрөнгийг шүүхээс гадуур худалдахыг хориглоно гэдэг заалт байгаа. Тиймээс бид шүүхээр шийдвэрлүүлэхээр оруулж өгсөн. Хуульд нэмэлт оруулах асуудалд экспиртийн дүгнэлт гаргадаггүй.

 

Ийнхүү санал хураалт явуулахад  шүүхээр шийдвэрлүүлэх заалт дэмжигдэв. Дараагийн санал хураалт явуулах гэтэл ирц хүрэлцэхгүй байсан учир чуулганы үйл ажиллагаа түр саатав.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин