“Эрдэнэс таван толгой” хоногт 200-250 машин нүүрс хил гаргадаг
2015-06-19

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ сарын 17-ны өдөр “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Уулзалтын эхэнд “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн уурхайн Ерөнхий захирал Н.Нямгэрэл компанийнхаа өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулсан. Тэрбээр хэлэхдээ “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Улаан нуурын хөндийд байрлах манай компани нь аймгийн төв Даланзадгад хотоос 90 км, Цогтцэций сумын төвөөс өмнө зүгт 16 км, Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 440 км-т байрладаг. Төмөр замын хамгийн ойрын цэг болох Хар Айраг өртөөнөөс 400 км, Гашуунсухайт боомтоос 270 км Монгол-Хятадын хилээс 170 гаруй км-т орших бөгөөд нийт 220 хавтгай дөрвөлжин км талбайг хамардаг.

 

Тавантолгой орд нь 6 тэрбум нүүрсний нөөц, баялагтай бөгөөд үүний 1.4 тэрбум нь коксжих нүүрс, 4.6 тэрбум нь эрчим хүчний нүүрс болдог байна. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн уурхайд нийт 345 ажилтан 2-3 ээлжээр ажилладаг. Уурхай нь Liebherr, Caterpillar, Terex зэрэг үндсэн тоног төхөөрөмжүүдтэйгээр уламжлалт экскаватор, автосамосвалын хослол бүхий, гадаад овоолготой ашиглалтын системээр батлагдсан техник эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөний дагуу олборлолтын ажлыг гүйцэтгэж байна.

 

240 тн даацтай Terex МТ4400 автосамосвал, 18м3 шанагатай Liebherr R9350 экскаватор болон дэлхийн тэргүүний шилдэг бусад тоног төхөөрөмжүүдийг ашиглан олборлолт явуулж байна. Уурхай олборлолтын хэмжээгээ жил бүр нэмэгдүүлж, 2016 он гэхэд  бүрэн хүчин чадалдаа хүрч, жилд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай болно” хэмээн танилцуулсан.

 

Уг мэдээллийн дараа “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг, Уурхайн Ерөнхий захирал Н.Нямгэрэл нар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

Өнөөдөр тус компанийн агуулахад 2.3 сая тонн , хөрс хуулж олборлоход бэлэн 2 сая тонн нүүрс байгаа бөгөөд хоногтоо 200-250 машин нүүрс хил гаргаж байгаа аж. Энэ оны I  улирлын байдлаар Чалкогийн өр 142 сая ам.доллар үлдсэн бөгөөд ирэх оны эхний хагас гэхэд төлж барагдуулах бүрэн боломжтой юм. Б.Батбилэг захирал Чалкогийн өрийг хэзээ төлж барагдуулах вэ гэсэн асуултад “компанийн үндсэн үйл ажиллагаа болох жигд, ашигтай ажиллагаагаа  ханган ажиллаж байна.

 

Хэрвээ өр барагдуулахыг  зорилгоо болгон ажиллалаа гэж үзвэл одоогийн хурдаар 3-4 сарын хугацаа шаардана. Гэхдээ Чалко компани нь эцсийн хэрэглэгч биш учраас тэд худалдан авагчаа олсон тохиолдолд нүүрсний хэмжээгээ тохируулан авдаг” хэмээн хариулсан юм.

 

Авто замын асуудал мөн энэ үеэр яригдсан. Өнгөрсөн 4 дүгээр сарын нэгний өдөр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх орон нутгийнхантай уулзаж, малчдын хувьд хүнд байдалтай байсан учраас “Автозамаа ашигла” гэсэн шийдвэр гаргаж шороон замыг ашиглуулахыг больсон билээ.

 

Үүнээс үүдэн “Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрс авч байгаа худалдан авагч талууд алдагдал хүлээгээд эхэлсэн учраас борлуулалт нь бага хэмжээгээр буураад байгаа юм. Учир нь “Энержи ресурс”-ын барьсан авто зам нь хүнд даацын биш учраас өмнө нэг машинд ачих хэмжээний нүүрсийг өнөөдөр хоёр машинд ачуулах шаардлага гарснаар тээврийн зардал өсөж, нэг удаагийн гаралтад 3-5 ам.долларыг тонн тутамд алдаж буй тооцоо гарсан байна.

 

Гэхдээ “Эрдэнэс –Таван Толгой” компанийн хувьд уурхайн ам дээрээс нүүрсээ борлуулчихаж байгаа учраас тээврийн зардлын асуудал   ирдэггүй. Энэ бүх байдлаас үүдэн төмөр замын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэдгийг тус компанийнхан хэлж байлаа.

 

Л.Эрдэнэчимэг гишүүн албан томилолтынхоо төгсгөлд, “Эрдэнэс- Таван Толгой” ХК харьцангуй бага зардлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн угаах үйлдвэр барих боломжтой болох байх. Эсвэл “Энержи Ресурс”-т бэлэн байгаа үйлдвэрийг ашиглаж нүүрсээ угааж болно. Дээрээс нь хуурай аргаар нүүрс угаах технологийг Япончуудтай хамтран судлаж байгаа гэж байсан.

 

Тэгэхээр угаах үйлдвэрийн зардал нэг их биш. Төмөр зам ч юмуу бусад дэд бүтцээ бодохын бол их биш. Тиймээс яг энэ байдлаараа дахин 2 жил үйл ажиллагаагаа явуулахад ямар ч алдагдал гарахгүй. Тиймээс “Эрдэнэс- Таван Толгой” компанид хөрөнгө оруулалт шаардлагагүй харагдаж байгаа юм. Харин төмөр замдаа хөрөнгө оруулалтаа голчлон тавьж өгөх шаардлага байна гэж харлаа гэсэн юм.

 

Нэгдсэн мэдээлэл хийсний дараа тус компанийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, гаалийн бүрдүүлэлтийн талбай, нүүрсний олборлолт хийхээс өмнө газрын гүнээс ялгарах хийгээр газны үйлдвэр байгуулах төслийн ажил зэрэгтэй танилцуулсан юм.  

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Dyr:
Автомашинаар нүүрс зөөнө гэдэг чинь өнгөрсөн зуунд үхэр тэргээр түлээ түлш зөөж байсантай яг адил.Жилдээ тав аравхан сая тонныг машинаар зөөж 1072 хувьцааг амь оруулна гэвэл ёстой зангууны үлгэр гэсэн үг. Эргүү авгайн тэнэглэлийн хор уршиг нь олон мянган залуучууд ажилтай орлоготой болох боломжийг нурааж залуусын амьдралыг хорлон сүйтгэж байгаа нь зэвүү хүргэж байна.
2015-06-20
Erdenechimeg gishuun:
Olon sar hotoos yarij gatsaasan Tavan tolgoidoo saya l neg ochij nudeer uzev uu ta? Tanii gootsoogoor naad mundag ashigtai ajillaad bga kompani chini hezee urnuusuu garch hezee bidnii 1072-g ami oruulj nogdol ashig ugnu gene? Hurs huulsan belen l geed bh yum naadahiig chini zuuhiin tuld mash ih tsag hugatsaa, zardal gardag yum shde. Hot dotor heden aptekt em taraagaad zarahaas arai uur ajil gedgiig oilgoosoi doo.
2015-06-19