Үндэсний хувцсаар гангарах монгол наадам айсуй
2015-06-20

 

 

Монгол түмний үндэсний хэмээн бахархдаг бүхий л бахарлын цогц болсон   наадам дөхөж байгаатай холбогдуулан энэ жилийн  дээлний  загвар, чиг хандлага, үнэ ханш ямар байгааг сонирхлоо. Манай сурвалжлах баг  үндэсний хувцасны ерөнхий төлвийг тодорхойлж  байдаг хэд хэдэн  салон, загварын  товчоогоор зочилсон  юм.

 

 

Б.Баасансүрэн: Гэгээлэг өнгө энэ жилийн наадмыг тодотгоно 

 

 

Бидний  зорьж очсон эхний газар бол “Ур Ундрах”  ХХК байлаа.  Тус  компанийн дизайнер, менежер Б.Баасансүрэн биднийг тосч уулзав.  Тэд хонхны баяр, Эх үрсийн баяр гээд захиалга ихтэй байсан, түүнийгээ арай гэж дуусгаад наадмын ажилдаа ханцуй шамлан орж байгаа  гэнэ.  Энэтхэг сари, Хятадын хүр хорхойн торго гээд чамин тансаг торго, бас бараа,  өөрийн гэсэн давтагдашгүй  өвөрмөц хийцээр монголчууддаа бэлэг барьж байдаг “Ур Ундрах” компани энэ удаа ч  захиалга ихтэй, олон хүн бужигнаж байна. Энэ зуур дизайнер, менежер Б.Баасансүрэнтэй цөөн хором хөөрөлдөв.

 

-Энэ жилийн наадмын дээлэнд ямар өнгө зонхилж байгаа вэ?

 

- Хүмүүс голдуу цайвар өнгийг их сонирхож байна. Яагаад гэвэл зуны дэлгэр цаг наадам гэдэг утгаараа гэгээлэг өнгийг түлхүү сонгодог.

 

 

-Охид бүсгүйчүүд ихэвчлэн ямар загварын дээл сонирхон захиалж байна вэ?

 

- Охид бүсгүйчүүд маань цэцэг навч болсон дэрэвгэрдүү  хормойтой,  цээж нь цулгай загварыг илүүтэй сонирхож сонгодог.

 

-Танай компани энэ жил  дээлний торго, материалаа хаанаас оруулж ирэв?

 

- Манайх торгоо Хятадын Гуанжу, Бээжин,  Энэтхэг,  Хонконгоос захиалж  авчирдаг.

 

-Дээлний үнэ ханш өмнөх жилийнхээс хэр өссөн бэ. Захиалга хэр байна?

 

- Манай дээлний дундаж ханш 384,000 ер нь үнэ ханш өмнөх жилийнхтэй адилхан байгаа.  Энэ хавар  оюутан сурагчдын хонхны баяр, Эх үрсийн баяр гээд захиалга ихтэй байлаа. Одоо наадмын захиалга эхлээд байна. Мөн хуримын хувцасны захиалга бол байнга орж ирж байна.

 

 

У.Амарсайхан: Монгол дээлний судалгаанд суурилсан өвөрмөц загварууд гаргалаа

 

 

Үндэсний хувцас урлалаар Монголдоо топ –д тооцогддог “Монгол костюмс”  ХХК-д  зочлоход  үүднээсээ эхлээд  үндэсний  дээл хувцас, ёс заншлаа эрхэмлэсэн  найрсаг хамт олон биднийг угтсан юм.”Монгол костюмс”  ХХК-ний захиалга хүлээн авагч, дизайнер  У.Амарсайхантай ярилцлаа.

 

-Энэ жилийн  наадмын дээлний өнгө загварын хандлага ямар байна вэ?

 

- Өмнөх жилүүдтэй харьцуулахад  монголчууд маань буцаад энгийн дээлээ сонирхох чиг хандлага их мэдрэгдэж байна. Өнгөний хувьд ерөнхийдөө зун цаг учраас  тод өнгө зонхилж байгаа бол   оранж, усан ягаан, ногоон өнгүүд   мөн эрэлттэй  байгаа.Хийцийн  хувьд бага зэрэг уламжлалт хэв маягаасаа загвар оруулаад судалгаан дээр тулгуурласан өвөрмөц загваруудыг манай салоноос гаргаж байгаагаараа онцлогтой байна.

 

 

-Эмэгтэй дээлний загвар ямар байна вэ?

 

- Охид бүсгүйчүүд маань яг тийм загвар сонирхож байгаа гэж  онцгойлсон  юм ажиглагдахгүй байна. Хувь хүн өөрийн загварын мэдрэмжээс шалтгаалж  материалынхаа сонголтыг хийж загвараа тохироод манайхаас  худалдан авалт хийдэг.

 

-Дээл захиалахад малгай дагалдах уу?

 

- Захиалвал малгай хийж өгнө.

 

-Хүүхдийн дээлний өнгө загвар ямар байна вэ?

 

- Хүүхдүүд тод өнгийн дээл сонирхдог.

 

 

-Танайх торгоо хаанаас захиалж авчирдаг вэ?

 

- Энэтхэг , Бээжин, Солонгосоос захиалж авчирдаг.

 

-Үнэ дунджаар  ямар байдаг вэ?

 

- 300-700 мянган төгрөгний хооронд  хэлбэлздэг.

 

“Наран туул”  захаас дээл авахад 95-100 мянган төгрөгийн үнэтэй байна

 

 

Өргөн олны их хөлийн газар “Нарантуул”  захаар явж үндэсний хувцасны  үнэ ханшийг сонирхов.

 

 Дээл, хантааз, цамц, загварын дан дээл  гээд бараагаа  төрөлжүүлэн  өлгөсөн нь бүгдийг нэг дороос гэсэн шиг алаглаж харагдана.  Энэ жилийн өнгөний сонголтыг ерөнхийд нь ажвал  зонхилж байгаа өнгө нь тод  ягаан, улаан, саарал, ногоон өнгүүд байв.  Дээлний материалын хувьд  цулгуй эсвэл үргэлжилсэн жижигхэн хээтэй  торго,  нимгэн давуун материалтай нь үнийн хувьд   95-100 мянган төгрөгийн  хооронд байна. Мөн  эрэгтэй, эмэгтэй дээлний загвар нь энгийн мөртлөө өөр,  өөр хээ угалзтай байснаараа онцлог байв. Наадам болох гэж байгаатай холбогдуулан “Нарантуул” захаар   хөл хөдөлгөөн ихтэй худалдан авагч  сонирхогчид олон байлаа. Ер нь үндэсний хувцас  үйлдвэрлэгчид захиалга ихтэй, ийм газруудаар олны хөл  хөдөлгөөн  их байгаа нь үндэсний хувцсаараа гоёж, үндэсний үзлээ дээдлэх монгол наадмын өнгийг тодорхойлж байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа.

 

Эх сурвалж: www.polit.mn

 

М.Бадамханд, Б.Мөнхтөгөлдөр

Shuud.mn
Сонин хачин
enkhtuul:
Demjij bn
2015-06-21
gan:
demjij bna
2015-06-20
baja:
goe goe
2015-06-20
MONGOL:
MANJ, HUJAA ZAHTAI DEEL HEREGGUI SHUU
2015-06-20
saihan:
bayar hurgie saihan zan zanshlaa hadgalahad huvi nemeree oruulj bgaad
2015-06-20
BAT:
Yun naadamsag ym.Ard tvmen n guilgachin bolj baihad.
2015-06-20