Аймаг сумдын засаг дарга нартай хамтран ажиллана
2015-06-22

 

Монгол Улсын зургаан аймгийн 25 сум, нийслэлийн хоёр дүүргийн нутгийг дайран өнгөрөх “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн 1000км хурдны авто замын дагуу ирээдүйд шинэ суурьшлийн бүс, дагуул хот, суурин хөгжих хэтийн төлөвлөгөөг албаныхан гаргаад буй.

 

Тиймээс уг төслийн хүрээнд “Талын зам ба хөгжил” сэдвийн хүрээнд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон бусад албаны хүмүүсийг хамруулсан форумыг төсөл хэрэгжүүлэгч “Чингис лэнд девелопмент групп”-ээс санаачлан зохион байгуулсан байна.

 

 

Энэхүү форумаар “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийн хүрээнд зам дагуу бий болох шинэ шинэ хот, суурин хаана байрлах, ямар онцлогтой байх, хэр хэмжээний ажлын байр бий болох талаар дэлгэрэнгүй танилцуулга хийжээ. Мөн цаашид хэрхэн хөгжих, энэ төсөл дээр орон нутгийн зүгээс хэрхэн оролцох зэрэг олон асуудлыг хэлэлцэн зөвлөлдсөн аж.

 

Форумын үр дүнд төсөл хэрэгжүүлэгч тал болон холбогдох аймаг сумдын зочид төлөөлөгч нар нь санал бодлоо чөлөөтэй солилцож, хэрхэн хамтран ажиллах талаар асуудал дэвшүүлэн ярилцсан байна. Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгч тал болох “Чингис лэнд девелопмент групп” ХХК нь холбогдох аймаг сумдын засаг дарга нартай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурцгаажээ.

 

 

Энэхүү томоохон бүтээн байгуулалт болсон хурдны авто замын төсөлд хамтран ажиллана гэдгээ холбогдох аймаг сумдын засаг дарга нар мэдэгдэж,  уг зам нь Монгол улсын хөгжилд төдийгүй, сум орон нутагт хөгжил авч ирэх зам болох учиртайг онцлон тэмдэглэж, төслийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.

 

Дашрамд дуулгахад, төсөл хэрэгжүүлэгч компани нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар эхлүүлсэн “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны авто зам” төслийг Концессийн гэрээгээр хэрэгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын 399 дүгээр тогтоолын дагуу 2014 оны 3 дугаар сарын 9-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн яамтай уг концессийн гэрээ байгуулсан аж. Энэхүү төсөл нь ОХУ болон БНХАУ төдийгүй Ази – Европийг холбосон, нийгэм-эдийн засгийн ихээхэн үр нөлөөтэй бөгөөд уг хурдны замыг 3 жилийн хугацаанд барьж байгуулах зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин