“Энэрэл”-ийн хөдөлмөр зуслан нээлтээ хийв
2015-06-23

Өнгөрөгч бямба гаригт Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн ёслолд оролцсоныхоо дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхдийн “Энэрэл” төвийн хөдөлмөр зусланд зочилсон юм.

 

“Энэрэл” төв нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн харъяанд орсноос хойш 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ба энэ хугацаанд 300 гаруй өнчин болон халамж шаардлагатай хүүхдийг өсгөн хүмүүжүүлжээ.  

 

Одоо тус төв 20 ажилтан, найман багш, нийгмийн ажилтан 24 цагаар ээлжлэн 4-22 насны 36 хүүхэд, залуусыг халамжлан өсгөж, хүмүүжүүлж байгаа аж. Төвийн үйл ажиллагааг “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлага дэмжин тусалж ирсэн юм.

 

Өнгөрсөн жилээс Ерөнхий захирлын санаачлагаар хүүхэд бүрийн нэрийн дансанд жил бүр 200 мянган төгрөг байршуулдаг болсон байна. Энэ нь хүүхдүүд төвөөс гарч амьдралын замд ороход нь зориулсан хөрөнгө оруулалт болох юм байна.

 

Энэ жил тус төвийн дэргэдэх хөдөлмөр зусланд хүүхдүүд амьдрах шинэ байрууд барьсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийг зочлох үеэр нээсэн юм. Хөдөлмөр зусланд хүүхдүүд үнээ сааж, сүү, цагаан идээ боловсруулж хэрэгцээгээ хангадгаас гадна хүнсний ногоо тарьдаг юм байна. Үүний зэрэгцээ хүүхдүүдийг оёдолд сургадаг болжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зуслангийн шинэ байрны нээлтэд оролцож, хүүхдүүдийн гар урлалын бүтээлүүдтэй танилцаж, авъяаслаг багачуудын урлагийн тоглолтыг үзэж сонирхон хамдаа зургаа татуулсан юм.

 

Хүүхдүүд энэ үеэр өөрсдийн гар урлалын бүтээлийн дээжээсээ Монгол Улсынхаа ерөнхийлөгчид бэлэг болгон өгч, эх орондоо хэрэгтэй, ухаантай мэдлэгтэй сайн хүн болон өснө гэдгээ амалсан билээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин