Э.Бадар-Ууган: Спортоо орхиод 2-3 жил болж байна
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууганы санаачилан байгуулсан "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн нээлт өнөөдөр боллоо. АШУҮИС-ийн бааз дээр түшиглэн байгуулсан энэхүү төв нь Япон улсын эмч, мэргэжилтэн, техник технологи дээр тулгуурлсан гэдгээрээ онцлог юм.
Уг төвийн нээлтийн үеэр Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Уугантай ярилцлаа.
-Юуны өмнө танд нийт уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргье. Спортын хүн ямар учраас анагаахын салбарт “урвах” болов. Чухам яагаад энэ төвийг байгуулах болсон бэ?
-Би үр шилжүүлэн суулгах төв байгуулах санааг нэлээд олон жил тээж явсан. Зургаан жил бодож, төлөвлөж байж өнөөдөр энэ төвийг нээлээ. Анх 2008 онд олимпийн аварга болчихоод эх орондоо хэрэгтэй юу хийх вэ гэж нэлээд бодсон.
Ингэж байтал “уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг” гэдэг шиг 2009 онд Д.Дагвадорж аварга маань намайг Японд урьсан. Тэр үед дэлхийд үр суулган шилжүүлэх мэс ажилбараараа дэлхийд тэргүүлдэг “Kato Ladies Clinic” эмнэлгийн удирдлагуудтай намайг танилцуулсан. Түүнээс хойш, өнөөдрийг хүртэл Японы “Kato Ladies Clinic” эмнэлгийнхэнтэй, холбоотой ажиллаж, боловсон хүчнээ тэнд бэлтгэсэн байгаа. Япон мэргэжилтнүүд ажиллахаас гадна манай монгол эмч нар ч ажиллах болно. Бид бүх боловсон хүчнээ Японд мэргэшүүлсэн байгаа.
Манай улсын хувьд Орос, Хятад гэдэг хоёр том гүрний дунд оршдогоороо онцлогтой. Энэ онцлогоо түшиглэн, монголд энэ нэр хүндтэй эмнэлгийг оруулж ирж байгаадаа баяртай байна.
-Дэлхийн нэр хүндтэй эмнэлгийн салбарыг Монголд байгуулахад, тодорхой хэмжээний хөрөнгө таниас гарсан байх. Нууц биш бол энэ төв хэдий хэмжээний өртөгөөр боссон бэ?
-Энэ төрлийн эмнэлгийн нарийн тоног төхөөрөмж нэлээд үнэтэй юм билээ. Иймд Япон талын “Kato Ladies Clinic” эмнэлгийнхэн зарим тоног төхөөрөмжийг бэлэглэж, тодорхой хэмжээний хөрөнгийг хувиасаа гаргасан. Эмнэлгийн байрны хувьд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн /III эмнэлгийн хойно/ баазад түшиглэж байгууллаа. Манай төв АШУҮИС-тай хамтарч гарааны компани байгуулсан. Иймд энэ сургуулийн байрыг 3-5 жилийн хугацаанд ашиглахаар болсон.
-Жилд хэдэн хүнд үр шилжүүлэн суулгана гэсэн тооцоо судалгаа байгаа вэ?
-Манай төв жилдээ 300-500 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Захиалгаа аваад, эхнээсээ эмчилгээгээ хийгээд эхэлсэн. Манайхан Солонгос руу л явж, энэ төрлийн үйлчилгээг бүрэн төгс хийлгэдэг байсан. Харин өнөөдөр эх орондоо энэ үйлчилгээг авахад бэлэн боллоо.
Бас нэг баяртай мэдээ дуулгахад, хэдхэн хоногийн өмнө манай үйлчүүлэгч анхны хатгалтаар жирэмсэн болсон. Айлд бүл нэмж, аз жаргал бэлэглэх гүүр нь болж байгаад баяртай байна /инээв.сур/.
Үгүйдлийг эмчлэх, үр суулгах иргэд маань хэдэн төгрөгөөр үйлчлүүлж болох вэ. Хэдэн хувийн магадлалтай вэ?
-Ерөнхийдөө. 80 хувийн магадлалтай. Үнэ өртөгийн хувьд гадаадад үр шилжүүлэн суулгаснаас даруй хоёр дахин бага буюу 6-9 сая төгрөг байгаа.
-Танай гэргийг энэ эмнэлгийн үйл ажилгааг цаашид хариуцаж ажиллана гэж сонссон. Эмнэлгийн салбарын хүн үү?
-Тийм. Манай хүн надтай адил эмнэлгийн салбарын хүн биш. Гэхдээ энэ салбарын чиглэлээр цаашид суралцахаар болж байна.
-Таныг спортоо бүр мөсөн орхисон гэж сонссон. Энэ үнэн үү?
-Би спортоо орхиод 2-3 жил болж байна. Бэртлийн улмаас хүнд бэлтгэл хийж болохгүй, ядарч болохгүй гэж эмч зөвлөсөн байгаа. Тийм учраас гам барих маягтай л байна даа. Гэхдээ хааяа хөнгөн бэлтгэл хийдэг. Одоогийн байдлаар Монголын боксын холбооны Ерөнхийлөгчийн албыг хашиж байна.
-Олимпын медальтай, олон улсад нэр хүндтэй тамирчид дасгалжуулагч болж, залгамж үеэ бэлтгэдэг тохиолдол бий. Таны хувьд ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?
-Спортын хүн спортоо бүр мөсөн орхино гэж байдаггүй юм билээ. Ямар нэг байдлаар тэр спорттойгоо холбогддог ажил, үүрэг гүйцэтгэдэг юм шиг санагддаг. Миний хувьд одоохондоо дасгалжуулагч болно гэсэн бодолгүй байна. Харин өсч яваа залуу боксчдыг дэмжих ажил хийнэ гэж бодож байна. Мөн Дэлхийн боксын холбоо руу эх орноо төлөөлж орохыг зорьж байна.
За, тэгээд нас хэвийгээд ирэх үедээ дугуйлан хичээлүүлж, ирээдүйн тамирчдыг бэлтгэх юмсан гэсэн мөрөөдөл бий /инээв/.
-2016 оны Риогын олимпын эрхийн тэмцээн эхэлсэн үү. Монголоос хэдэн тамирчинг оролцуулахаар төлөвлөж байна вэ?
-Катар улсад ирэх 10 сард олимпын эрхийн төлөөх ДАШТ тэмцээн болно. Манай боксын хувьд бусад спортыг бодвол оноо цуглуулдаггүй. Яг тухайн жилийн ДАШТ-нд мөнгөн медаль хүртэж байж, олимпын эрх авдаг. Тиймээс тамирчид маань бэлтгэл сайтай, хувийн сахилга баттай байж, олимпид оролцох эрх авна. 2016 оны опимпид Ази тивээс долоон эрх авна гэж Дэлхийн боксын холбооноос мэдэгдсэн байгаа.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ