Ирээдүйд чиглэсэн хөтөлбөрт 10 мянга гаруй хүүхэд хамрагджээ
2015-06-23

Улс эх орны ирээдүй болсон хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлж, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэн, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэх нь томчуудын үүрэг.

 

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг баталсан билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар санаачлан хэрэгжүүлж эхэлсэн юм.



Уг хөтөлбөрийн хүрээнд өсвөр үеийнхэнд 36 цагийн сургалтаар 36 төрлийн чадамжийг эзэмшүүлдэг болж, хүүхэд бүрийг вакумжсан орчинд тусгай хөтөлбөрөөр дамжуулж мэдлэг олгож өөрийгөө нээх, эх оронч үзэлтэй болгох, хүнлэг энэрэнгүй нийгэм бий болгохыг зорьсон байна.

 

Түүнчлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Хүүхдийн төлөө үндэсний газар , Олон Улсын хүүхдийн "Найрамдал" зуслан, Хил хамгаалах 151-р анги, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Скаутын холбоо, Онцгой байдлын Ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн Замын цагдаа зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулагчаар ажиллах болсон байна.

 

Анх нийслэлийн төвийн зургаан дүүргийн  2500 орчим хүүхэд хамрагдаж, эх орноо хайрлах, аливаа эрсдэлийг даван туулах тэсвэр тэвчээр, бие даах чадварт суралцаж байжээ. Уг хөтөлбөр жилээс жилд хамрах хүрээгээ тэлж энэ онд  Дархан-Уул, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Хэнтий, Орхон, Сүхбаатар аймаг болон Нийслэлийн дүүргүүдийн нийт 10 мянга гаруй хүүхдийг хамруулжээ.

 

“Хүн болох багаасаа” гэдэг. Эх орны ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудыг багаас нь сахилга баттай, хатуу хүндэд тэсвэр тэвчээртэй, ажилсаг хичээнгүй болгож хүмүүжүүлэхэд УИХ-ын гишүүдийн санаачилсан “Эх орон 36” хөтөлбөрт эцэг, эхчүүд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байна. Эцэг, эхчүүд “Хүүхэд маань сүүлийн үед эр эм нь мэдэгдэхгүй хувцаслаж, биеэ авч явдаг сөрөг урсгалд автах вий гэж санаа зовж байлаа. Үнэндээ энэ хөтөлбөрт хамрагдаад ирсний дараа хүүхдүүд маань эрс өөрчлөгдсөн нь мэдэгдсэн” гэж байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин