10 хувийн урьдчилгаат зээлийг ирэх сараас олгож эхэлнэ

Орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож 20 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргах шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан. Үүнтэй холбогдуулан БХБ-ын сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу ипотекийн зээлийн орон сууцны урьдчилгааны 20 хувийн баталгааг хангах үүднээс 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр гаргахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Энэ зээлд иргэдийг хамруулах шалгуур үзүүлэлтүүд бүхий журмыг долдугаар сард багтаан боловсруулахыг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Ж.Эрдэнэбат бид гуравт үүрэг болгосон. 200 тэрбумын баталгааг банкууд зөвшөөрч байгаа. Тэдний томоохон харилцагчид бол барилгынхан. Энэ салбарын ажил хөдөлж байвал тэдэнд өөрсдөд нь хэрэгтэй. Засгийн газрын баталгаанд хамрагдсан иргэн орон сууцныхаа үнийн дүнгийн 10 хувийг бэлэн мөнгөөр төлж, 90 хувьд жилийн 8(+_1) хувийн хүүтэй ипотекийн зээл авна гэлээ.
Зээлдэгчийн сар бүрийн төлбөрөөс нийтдээ 20 хувийн баталгааны хэмжээний төлбөр хийгдмэгц Засгийн газрын баталгааны дуусгавар болох аж.
2016 оноос эхлэн жил бүрийн Төсвийн тухай хуульд болон Засгийн газраас гаргах өрийн баталгааны дээд хэмжээнд тусган санхүүжүүлж, урт хугацааны ипотекийн зээлийн тогтвортой тогтолцоо бий болох нөхцөл бүрдэх юм.
Ирэх сард багтаан журам гаргаснаар орон сууцны урьдчилгаа 10 хувийг төлөөд ипотекийн зээлд хамруулан ажил эхлэх юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ