Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг өргөн барив
2015-06-24

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.24/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг өргөн барив.

 



Монгол Улсад 1991-2014 оны хооронд үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх нийт 480 гаруй бодлогын баримт бичиг батлагдсанаас өнөөгийн байдлаар 290 гаруй нь хугацааны хувьд хүчинтэй байгаа бөгөөд тэдгээр бодлогын баримт бичгүүд үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө зэрэг нэршилтэй байдаг байна.


 
Бодлогын баримт бичгүүдийн хэрэгжих хугацаа, зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ давхацсан, хоорондын уялдаа сул байгаагаас хэрэгжилт нь зорьсон үр дүнд хүрэхгүй зэрэг олон шалтгаанаас үүдэн хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн боловсруулалтын чанарыг сайжруулах, тэдгээрийн хоорондын уялдаа болон хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

 



Тус хуулийн төслийг Засгийн газраас 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс гаргасан саналуудыг хуулийн төсөлд бүрэн тусгасан дахин өргөн барьж байгааг УИХ-ын даргад танилцуулсан юм.



Хуулийн төсөл батлагдсанаар хөгжлийн бодлогын баримт бичгүүд цэгцтэй, хэрэгжих үндэслэлтэй болж урт, дунд, богино хугацааны үндэсний, салбарын, салбар хоорондын болон орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдаа, залгамж чанар сайжирч, хөгжлийн бодлогын тогтвортой, нэгдмэл байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэх аж хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин