“Хувийн хэвшлийн өрийг бүртгэж бай”
2015-06-25

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

 

Энэ төслийг хэрэгжүүлснээр Төв банкнаас зохицуулж, хянадаг, хэрэглэгчдийн бүх давхрагад тохирсон, өрсөлдөхүйц, харилцан нягт уялдаа холбоотой, өндөр нууцлал бүхий төлбөрийн систем бий болгох зорилготой аж. 

 

Монголбанк Төв банкны тухай хуулийн 5.5-д зааснаар банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах үүрэгтэй бөгөөд банк дундын төлбөр тооцоог өөрийн нэгж Үндэсний цахим гүйлгээний төвөөр дамжуулан гүйцэтгэдэг  байна.

 

 

Төлбөр тооцооны дэд бүтэц, үндсэн системүүд аль ч улсад төв банкны хяналтад байдаг. Энэ нь үндэсний аюулгүй байдалд онцгой нөлөөтэй дэд бүтцэд тооцогддог аж.  Хэдийгээр Монголбанк нь банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулж, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа боловч зах зээлийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, шаардлага нь Төв банкны үндсэн төлбөрийн систем болон банк дундын төлбөрийн системүүдэд хөрөнгө оруулалт хийх, өнөөгийн олон улсын зарчимд нийцүүлэх зайлшгүй шаардлага тулгарчээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн юм.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Зээл өрийн асуудал хаана ч байдаг. Монгол Улсын гадаад өр яг хэд байгааг Монголбанк хэлээд өг. Өрийг хэдэн шалгуур үзүүлэлтээр тооцогдог вэ? Хувийн хэвшлийн өрийг оруулсан Монгол Улсын нийт өр дээр  хяналт  байна уу?

 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ганцог:

 

-Улсын өрд Оюутолгой дээр авсан өрийг тооцохгүй байгаа. Хувийн хэвшлийн өрийг Монголбанк хариуцдаг. Төлбөрийн системийн өрийг АХБ-наас хоёр дахь удаагаа авч байгаа. Өрийн асуудал дээр анхаарч баймаар байна. Төр нь өөрөө мэдэхгүй болохоор бид яаж цаашаа явах вэ?

 

 

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар:

 

-Аль ч улсад төлбөрийн системийг төв банкинд байдаг. Арилжааны банк өөрсдөө өрсөлдөөд таардаггүй систем хийгээд байдаг. Монголбанкнаас нэгтгээд картны сүлжээ байгуулсан. Гадаадын банкууд Монголын хувийн хэвшилд зээл олгохдоо эргэн төлөх чадварыг нь харгалзан үздэг. Хувийн хэвшлийн өрийн хэмжээг тэр бүр бүртгээд байдаггүй. Тодорхой хэмжээнд хардаг.

 

УИХ-ын дарга З.Энхболд:

 

-Хувийн хэвшлийн өрийг Монголбанк бүртгэж байгаа. Тэгээд улирал бүр УИХ-д мэдээлж байгаарай.

 

Ийнхүү санал хураалт явууллаа. Санал хураалтаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг гишүүдийн дийлэнх нь дэмжив.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин