Энэтхэгийн эрдэмтэн Ш.Сониг “Найрамдал” медалиар шагнажээ
2015-06-27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Энэтхэгийн монголч эрдэмтэн Ш.Сониг “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулав. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа болон монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн монголч эрдэмтэн Шарад Сониг “Найрамдал” медалиар шагнасугай” гэжээ.

 

Доктор Шарад Сони нь харьцангуй залуу үеийн монголч эрдэмтэн бөгөөд Дели хот дахь Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч, судлаач юм.

 

Тэрээр Монгол Улсын орчин цагийн түүхийг судалдаг, Монгол-Оросын харилцаа, Монгол-Хятадын харилцаагаар мэргэшсэн тогтмол судалгаа хийдэг эрдэмтэн юм. Мөн Монголын эдийн засаг, улс төр, геополитикийн талаар судалгаа хийж, Энэтхэгинй болоод бусад гадаад орны нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлдэг юм байна.

 

Шарад Сони нь “Монгол-Энэтхэгийн харицаа” сэдвээр мастер, “1921-1958 оны Монгол-ЗХУ-ын харилцаа” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Мөн Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуульд Монголын түүх, эдийн засаг, улс төр, гадаад харилцааны чиглэлээр лекц уншиж Энэтхэгт монгол судлалын залуу үеийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж иржээ.

 

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан энэхүү шагналыг гардуулж буйг дурдаад Улаанбаатарт болж буй Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээний хүрээнд болж байгаа арга хэмжээнд Энэтхэгийн эрдэмтэд хүрэлцэн ирж оролцож байгаад талархал илэрхийлэв. Мөн энэ арга хэмжээ Энэтхэгийн Ерөнхий сайдын Монголд хийсэн айлчлаын дараа болж байгаагаараа онцлог гэдгийг тэмдэглээд “ Та бол Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуульд ажилладаг эрдэмтэн юм. Жавахарлал Неру бол монголчуудын том найз, тухайн үед БНМАУ бол НҮБ-д элсэх ёстой улс хэмээн албан ёсны байр сууриа илэрхийлж байсан их хүн юм. Монгол Улсыг НҮБ-д элсүүлэхийг тууштай дэмжиж байсан Энэтхэгийн суут хүү Жавахарлал Неруг монголчууд сайн мэддэг. Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн эрдэмтэн та “Найрамдал” медаль хүртэж байгаад баярлаж байна. Танд амжилт хүсье” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
Enetxegchuud Mongolliin tuux ter tusmaa Chingis xaanii baildan daguulaltand mash boditoi suuritai xanddag. Tiimees tuux guivuulax bus xarin unen munuur n sudalj surtalchilj bgaa xumuusiig uramshuulax n zuv!!
2023-08-11