Аялал жуулчлалын салбарт хамтрах хэлэлцээр байгуулав
2015-06-29

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн манай улсад төрийн айлчлал хийж байна.

Түүнийг өнөө өглөө албан ёсоор угтсан авсан бөгөөд хоёр Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийжээ. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Мьянмарын Ерөнхийлөгчид бараалхав.

 

 Яриа хэлэлцээний үеэр хоёр тал энэхүү айлчлал нь Мьянмарын төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны түүхэн айлчлал болж байгааг онцолсон бөгөөд цаашид Монгол, Мьянмарын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмэн хоорондын найрамдал, хоёр орны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

 

Хоёр улсын Ерөнхийлөгч нар хоёр талын харилцаа, тэр дундаа уул уурхайн салбарт байгалийн баялгийг зүй зохистой ашиглах талаар туршлага хуваалцах, боловсролын салбарт оюутан солилцоог эхлүүлэх, Монгол, Мьянмар хэл судлалыг хөгжүүлэх, аялал жуулчлал болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Мөн  хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хувийн хэвшлийнхэн хооронд холбоо тогтоох, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор цаашид хоёр орны Засгийн газар хооронд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээр байгуулахын чухлыг онцлов.  Айлчлалын үеэр Мьянмар Улсад өрнөж буй ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг Монгол Улс цаашид ч дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн НҮБ, АСЕАН болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар санал солилцов.


Хэлэлцээний дараа хоёр тал:


Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр


Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын нийслэл Нэйбидо хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг


Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Shuud.mn
Сонин хачин