Сонгуулийг санаатайгаар үймүүлэх заалт тусгаж болохгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар мэдээлэл хийсэн юм.
МАН-ын бүлэг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж дэмжсэн байна. Энэ хуулийн төслийн цалин урамшуулалтай холбоотой асуудлыг МАН-ынхан хөндөж ярилцсан аж. МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр:
-Гурван талт Үндэсний зөвшилцөл хоёр жилд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоодог. Энэ жил буюу 9 дүгээр сарын 15-нд хугацаа нь дуусч байгаа. Тиймээс энэ хугацаанаас өмнө гурван талт Үндэсний зөвшилцөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох шаардлагатай байгаа. Энэ хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлс, цалинг тогтоохдоо хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулж, ур чадвартай нь уялдуулах, цагаар ажилласан тохиолдолд хөдөлмөрийн цагийн үнэлэмжийг нарийвчлан тогтоох зохицуулалтыг өгсөн. Авч байгаа цалингийн хэмжээ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэйгээ уялдаж байх, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлийг бүлгийн зүгээс салбарын сайдад өгсөн гэлээ.
Тус бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хууль болон бусад холбогдох хуулийн төслийн талаар хэлэлцэж, нэгдсэн байр суурьт хүрсэн байна. Эрүүгийн хуулийн төслөөр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарлагааны хугацаа энэ долоо хоногт дуусах юм. “Энэ хуулийг хүлээж авах боломжгүй байна. Жишээ нь, торгуулийн зохицуулалт ойлгомжгүй байна. 41 зүйл заалтаар аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулах, гүтгэх гэсэн гэмт хэргийн заалт, танхайн гэмт хэргийн заалтыг хассан байх зэрэг зарчмын зөрүүтэй саналууд байгаа. Сонгуулийн тухай хуультай холбогдуулан сонгуулийг санаатайгаар үймүүлэх гэсэн учир нь ойлгогдохгүй зүйл заалтууд орсон байсан. Үүнийг бүлгийн гишүүд хэлэлцээд дэмжихгүй гэсэн байр суурьт нэгдсэн. Дэмжихгүй гэдэг албан бичгээ УИХ-ын даргад хүргүүлэхээр шийдсэн байгаа” хэмээн бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлэв.
Харин УИХ-ын гишүүн О.Содбилэг “Засгийн газрын зүгээс өргөн баригдах “Тавантолгой”-н асуудлыг судалж үзье гэж манай гишүүд ярьж байгаа. Бүлгийн зүгээс дэмжих, дэмжихгүй гэсэн шийдвэр гараагүй. “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Үүнийг манай бүлгээс ажлын хэсэг байгуулагдаад судалж байгаа. Удахгүй дүгнэлт гарна. Ер нь урт хугацаандаа тогтвортой биш гэрээгээр хийх ёстой зүйлийг төлөвлөгөө гэж тусгаж явсан нь харагдаж байгаа” гэсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ