Улаанбаатар
Ш.Хааныг ирэх сарын 6-нд батламжилна
2015-6-29

 
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Налайх хотын Захирагч  Ш.Хааны бүрэн эрхийг 07 дугаар сарын 06-ны өдөр баталгаажуулна

“Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах  шийдвэр гаргасан.  Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам,  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн дагуу Налайх хотын Захирагчийн сонгуулийг 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан. Налайх хотын Захирагчийн сонгуульд 8 хүн нэр дэвшиж, нийт сонгогчийн 51,4 хувь нь саналаа өгсөн ч нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал аваагүй тул хуулийн дагуу дахин санал хураалтыг хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийн дунд 06 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулжээ. Санал хураалтын дүнгээр Шаравхааны Хаан санал өгсөн нийт сонгогчийн 50,87 хувийн саналыг авсан байна.
Сонгуулийн дээрх дүнгийн дагуу Налайх хотын Захирагчаар сонгогдсон Шаравхааны Хааныг холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн бүрэн эрхийг нь баталгаажуулахаар нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүллээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн анхны дагуул хотыг байгуулж, түүний Захирагчийг сонгосон нь түүхэн үйл явдал болж байна. Налайх хотын Захирагчаар сонгогдсон Ш.Хаан нь анхны дагуул хотын Захирагч гэдгээрээ түүхэн үүрэг авч, ажиллана гэдгийг онцлон хэлмээр байна. Өөрөөр хэлбэл иргэдээсээ сонгогдсон, иргэдрүүгээ хадаг барьж гүйдэг дарга болох нь. Налайх хот нь тус дүүрэгт тогтоосон эдэлбэр газрынхаа хэм хэмжээгээр тухайн нутаг дэвсгэрийг хамран хөгжлийн хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөөгөө гаргаж ажиллана. Хот, дүүрэг эрх мэдлийн хуваарилалтаа хуулийн дагуу хийж, хариуцлагатай ажиллаарай” гэдгийг онцлон хэллээ.

Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Нийслэлд хотууд байгуулах ажлын эхлэл болж байгаа тул хариуцлагатай ажиллаж, хамгийн гол нь оршин суугчдад хийсэн ажлаа тогтмол танилцуулж, санал бодлыг нь сонсдог байх ёстой” гэсэн бол Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Налайх хот өөрөө иргэдээрээ хэлэлцүүлсэн дүрэмтэй болсон. Тиймээс хотынхоо дүрэмд заагдсан хэм хэмжээг баримтлан, иргэдийнхээ санаачилгыг тусган ажиллаарай” гэлээ.

Хуралдаанаар нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулж нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэлээ. Налайх хотын Захирагч Ш.Хааныг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор томилно.

Мөн хуралдаанаар тус Налайх хотын удирдлагын бүтцийг дүүргийн ЗДТГ-ын бүтцээс салгаж эхний ээлжинд Захиргаа, санхүү, Нийтийн үйлчилгээ, Хот байгуулалтын 3 хэлтэс 14 хүний орон тоотой Захирагчийн ажлын алба байгуулахаар тогтож, цалин, урсгал зардал, санхүүжилтийг шийдвэрлэсэн юм.

 
Нийслэл барилга барихад аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалгах зөвлөл байгуулна

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Барилгын ослоос шалтгаалан хүний амь нас хохирсон аж ахуйн нэгж байгууллагуудад арга хэмжээ авсан тухай” асуудлыг танилцууллаа.
Барилгын салбарт 2014 онд 21 осол гарч 25 хүн өртсөнөөс 20 хүн нас барж, 5 хүн гэмтсэн бол 2015 оны эхний хагас жилийн байдлаар 11 осол гарч 14 хүн өртсөнөөс 8 хүн нас барж, 6 хүн гэмтжээ.

Барилгын салбарт гарч байгаа ослын 70 орчим хувийг өндрөөс унах шалтгаан эзэлж байгаа бөгөөд нас барах гол шалтгаан болж байгаа юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас холбогдох хууль, журам зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдал алдсан аж ахуйн нэгжүүдэд 2014 оны байдлаар хуулийн дагуу үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон акт-8, нөхөн төлбөр ногдуулсан акт-9, албан шаардлага-18-ыг хүргүүлжээ. Харин цагдаагийн байгууллагаас хэрэгсэхгүй болгох саналтай прокурорын хяналтад шилжсэн-11, Яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорын хяналтад шилжсэн-10 шийдвэр гаргасан байна. 2015 оны байдлаар үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон акт-9, албан шаардлага-2 хүргүүлжээ.

Мэдээлэл танилцуулсаны дараа нийслэлийн Засаг дарга барилгын салбарын зөрчлийг газар олголт, архитектор, аюулгүй байдал гэсэн шалтгаантай холбож,  барилгын ажил эхлэх зөвшөөрлийг олгохдоо аюулгүй байдлыг хангасны дараа олгох шаардлагатай байгааг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт анхаарууллаа. Аюулгүй байдлыг хангаагүйн улмаас эдгээр осол, аваар гарах үндсэн шалтгаан болж байгааг сануулж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэд барилгын ажил эхлэхдээ аюулгүй байдлаа хангасан эсэхэд нарийн шалгалт хийдэг тусгай зөвлөл байгуулах үүрэг өглөө.
 

Улаанбаатар хот ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болно

“Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө”-г гаргах ажлын хэсэг байгуулах, “Зүүн Хойд Азийн орнуудын Ногоон хотын хөгжил” форум зохион байгуулах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулан гаргахаар төлөвлөж байна. Ингэхдээ дараахь бодлогын ажлуудыг хийж, гүйцэтгэнэ.

-Ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр Улаанбаатар хотоос баримтлах бодлогыг тодорхойлох
- Монгол  Улсын Ногоон хөгжлийн бодлого, үзэл баримтлал, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын эдийн засгийн стратеги зэрэг баримт бичгүүдтэй уялдуулан тэдгээрт дурьдсан зорилтуудад хүрэх практик үйл ажиллагааг тодорхойлон хэрэгжүүлэх
-Ногоон өсөлтийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах хөшүүргийг бий болгох
-Ногоон хөгжлийн зорилтод хүрэхийн тулд аливаа төслийн үйл явц, үр дүнг хэмжих тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох

Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа Ногоон эдийн засаг, Ногоон дэд бүтэц, тээвэр, Экологийн тэнцвэртэй байдал ба ногоон амьдралын хэв маяг гэсэн 2 дэд ажлын хэсэг байгуулж ажиллана.  Дээрх ажлын хүрээнд Хотын захиргаа, Азийн сан, Дэлхийн банктай хамтарч 2015 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Зүүн Хойд Азийн орнуудын хотын хүрээнд “Ногоон хотын хөгжил” форумыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. Одоогийн байдлаар тус форумд Зүүн Хойд Азийн 40 гаруй хотын дарга, экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, албаны хүмүүсийг оролцуулахаар төлөвлөж байна. Форумаар Зүүн Хойд Азийн хотууд дахь ногоон өсөлт, хөгжлийн чиг хандлага, стратеги бодлого, Ногоон дэд бүтэц, тээвэр болон амьдралын хэв маяг, Ногоон технологи, хөрөнгө оруулалт, ажлын байр гэсэн үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах, тус ажлын хүрээнд Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум зохион байгуулах ажлын хэсгүүд байгуулах шийдвэр гаргалаа. Тус ажлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хариуцаж ажиллана.
 
Иргэдэд үзүүлэх төрийн зарим үйлчилгээг төлбөртэй болгоно

“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлэх зарим үйлчилгээг төлбөрт үйлчилгээнд шилжүүлэх тухай судалгааны дүн”-г нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 541 /давхардсан тоогоор 683/ үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс Үнэ төлбөргүй үзүүлж буй-307, Төлбөр, хураамж, хүү, торгуультай -234 буюу тэмдэгтийн хураамжтай -56, үйлчилгээний хураамжтай -154, гэрчилгээ, үнэмлэх, дэвтрийн хураамжтай - 41 хүү, торгууль, бусад хураамжтай – 10 үйлчилгээг үзүүлж байна. 2014 оны байдлаар төлбөр, хураамж, хүү, торгуультай үйлчилгээнээс нийт 21,67 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Судалгаагаар эдгээр үйлчилгээнээс гадна зарим үйлчилгээг төлбөртэй болгох боломжтой байна. Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас шинээр 18, иргэдэд үйлчилгээний хураамжгүй үзүүлж байгаа 387 үйлчилгээнээс 28-ыг, Үйлчилгээний хураамжтай 154 үйлчилгээнээс 11-ийн хэмжээг нэмэгдүүлэн, үнийг шинэчлэн тогтооно гэж тооцжээ. Үйлчилгээний хураамжийн хэмжээг нэмэгдүүлснээр 316,988,703 төгрөг, үйлчилгээний хураамжтай болгосноор  679,160,00 төгрөг нийт 996,148,703 төгрөгийг орон нутгийн төсөвт нэмж төвлөрүүлэх боломжтой байна.

Судалгааны дагуу нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй зарим үйлчилгээний үнийг нэмэгдүүлэх, шинээр нэмэгдэж, төлбөртэй үзүүлэх боломжтой үйлчилгээний талаарх асуудлыг нийслэлийн ИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Авлигын эсрэг төр, хувийн хэвшлийн хамтарсан Зөвлөлдөх ардчиллын танхимыг байгуулна

“Ил тод-Улаанбаатар академи” зөвлөлдөх ардчиллын танхим байгуулах тухай” асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын санаачилга, Бүгд найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн, Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй-Улаанбаатар-2014” Авлигын эсрэг олон улсын форумын Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан. Улаанбаатар хотыг олон нийтэд нээлттэй, ил  тод болгох ажлыг эрчимжүүлэх, нийслэл, орон нутгийн захиргааны түвшинд авлигын эсрэг үйл ажиллагааг зохион байгуулах, авлигын эсрэг олон улсын сургалт, судалгааны төвийн салбарыг Улаанбаатар хотод нээх эхний алхмыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Ил тод Улаанбаатар академи”-зөвлөлдөх танхимыг байгуулах бөгөөд авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх, зөвлөлдөх үйл ажиллагааг нийгэмд үйлчлэх зорилготой төр, хувийн хэвшлийн хамтарсан бүрэлдэхүүнтэй байна.
Академийн үндсэн чиглэл нь авлигын эсрэг ил тод байдал, нээлттэй засаг, зөвлөлдөх ардчиллыг хөхиүлэн дэмжих зорилгоор нийслэлийн иргэд, нийтийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, олон нийтэд авлигыг үл тэвчих уур амьсгалыг бий болгох, авлигаас ангид байх нөхцөлийг бүрдүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг тайлбарлан таниулах зэрэг үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлнэ гэж албаныхан үзэж байна.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар авлигын эсрэг ардчиллын зөвлөлдөх танхимыг байгуулах ажлыг нийслэлийн Засаг даргын захирамж гарган, зохион байгуулах шийдвэр гаргалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
Shuud.mn
Сонин хачин