“NSA”, Францын сангийн сайд нарыг тагнадаг байжээ
2015-06-30

 

Жулиа Ассанжийн “WikiLeaks” сайт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг “NSA”-тай холбоотой дахин нэг баримтыг дэлгэсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. “NSA” 2011-2014 оны хооронд Францын Сангийн сайд нарын утасны яриаг чагнаж, мэдээлэл цуглуулдаг байсан “N-225” гэх  баримтыг “WikiLeaks” дэлгэжээ. Утасны ярианы тусламжтай “NSA” агентлаг Францын экспортын мэдээлэл, төсвийн яриа хэлэлцээр, хурлын мэдээлэл, санхүүгийн тайлан зэргийг хянадаг байжээ.  “NSA”, Сангийн сайд асан Франсуа Баруэн, Пьер Московиси нарын утасны яриаг сүүлийн гурван жилийн турш хянаж, тагнасан аж.  Сайтад нийтлэгдсэн мэдээллээс харвал “NSA”, 2002, 2012 онд Францын 200 сая ам.долларын экспортын гэрээ хэлэлцээрийн талаарх мэдээллийг цуглуулж өгөхийг Шинэ Зеланд, Канад, Их Британи, Австралийн тагнуулын албанаас хүсч байжээ.

 

Өнгөрсөн долоо хоногт “WikiLeaks” сайт “NSA” агентлаг зургаан жилийн турш Францын гурван Ерөнхийлөгчийн утасны яриа, цахим шуудан болон тэдний оролцсон хурлын мэдээллийг тагнаж, цуглуулдаг байсан хэмээн мэдээлсэн юм.  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүртэл “WikiLeaks” сайтад нийтлэгдсэн мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд Ерөнхийлөгч Франсуа Олландтай утсаар ярих үедээ “АНУ, Францыг чагнахаа зогсоосон” гэж мэдэгдсэн юм.

Shuud.mn
Сонин хачин