Оросын эсрэг шинэ хориг тавив

Украины зүүн хязгаарт болж буй үйл явдалтай холбогдуулан Канадын Засгийн газар, ОХУ-ын эсрэг шинэ хориг тавьсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Канадын Ерөнхий сайд Стивен Харпер “Canada TV”-д ярихдаа “Оросын Засгийн газрын эсрэг хэд хэдэн хориг тавьсан. Эхний ээлжинд Оросын 14 компани, тус улсын нөлөө бүхий гурван эрхэмд эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Эдгээр хүмүүс Канадад нэвтрэх боломжгүй” гэжээ. Мөн Канад, ОХУ-ын эх газарт дагаар орсон Крымд экспорт, импортын хориг тавьсан байна.
Стивен Харпер Европын холбоог Оросын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо чангатгахыг уриалжээ. Энэхүү саналыг Австрали, АНУ-ын удирдлагууд дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Канадын Гадаад хэргийн яамны цахим хуудаст мэдээлснээр “Шинэ хоригт Евроазийн залуучуудын холбооны тэргүүн Александр Дугин, Павел Канишева, Андрей Коваленка нар багтсан” гэв. Тэд Канад улсад нэвтрэх болон Канадын банкаар үйлчлүүлэх боломжгүй болжээ.
Харин хоригт Оросын байгалийн хийн “Газпром”, “Сургутнефтегаз”, “Транснефть” зэрэг компани багтсан хэмээн “TASS” агентлаг мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ