Сирид туслахаа амлав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин иргэний дайн дэгдээд буй Сири улсад эдийн засаг, зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэхүү мэдээллийг Сирийн Гадаад хэргийн сайд Уалид Муаллем баталж “Ерөнхийлөгч Путин, Сирийн ард түмэнд туслахаа амласан. Эхний ээлжинд уналтад ороод буй эдийн засгаа хөл дээр нь босгохоор ажиллаж байна. Мөн хоёр улс батлан хамгаалахын салбарт хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. Сири, Оросын тусламжтай дайн болон Иракт эрхээ тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлтэй тэмцэхээр төлөвлөж байна” гэж мэдэгджээ.
Уалид Муаллем Москва хотноо айлчилж байгаа юм. Тэрбээр өчигдөр Ерөнхийлөгч Путин болон Ерөнхий сайд Дмитрий Медведев, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай уулзжээ. Путин, Ерөнхийлөгч Башар аль Ассадын улс төрийн бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж “Барууны орнууд юу гэх нь хамаагүй. Орос, Сири улсад туслах болно” гэж хэлсэн байна.
Сергей Лавров “Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй исламын бүлэглэлтэй тэмцэх болно” хэмээн мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ