Бөхчүүдийн маргааныг наадмаас өмнө шийдвэрлэх үүрэг өглөө
2015-07-01

 

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисс  хаалттай хуралдлаа. Хуралдаанаар дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүний магнайд гарах талаарх маргаантай асуудлыг хэлэлцсэн байна.  Энэ талаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуунаас тодрууллаа.

-Хоёр аваргын зүүний магнайд  хэн нь барилдах маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бол?

-Энэ асуудлыг бөхийн  салбар хорооны дарга Б.Батзоригийг шийдвэрлэхийг зохион байгуулах комисс  үүрэг болголоо.  Наадмаар барилдах бөхчүүдийг баяр наадам болохоос долоо хоногийн өмнө бүртгэх үүрэг өглөө.  Энэ хуулиа мөрдөх ёстой.  Наадмаар  хэн хэн зодоглох нь тодорхойгүй байхад  хэвлэлүүд хоёр талцуулж байна.

-Наадмаар бөхчүүдийн эрэмбийг яаж тогтоодог вэ?  


-Наадмаас өмнө өнөөдрийн маргаан тодорхой болсон байх ёстой.  Бид бөхийн салбар хорооны даргад үүрэг өгсөн. Нэгдүгээрт, бөхчүүддээ ёс зүйн кодоо сануулна. Хоёрдугаарт, Үндэсний бөхийн холбоо эрэмбээ гаргана. Гэхдээ Засгийн газрын тогтоолоор салбар хорооны дарга хянаж баталгаажуулаад, шийдвэрээр бөхчүүддээ танилцуулах ёстой. Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол дараагийн алхмуудыг хийнэ. Долдугаар сарын 10-ныг хүртэл тулгаж бүртгэхэд, бөхчүүдийн дунд энэ мэт үл ойлголцол гарвал шийдэх хугацаа байдаггүй. Тиймээс хуулийн дагуу бөхчүүүдийг долдугаар сарын 4-нийг хүртэл бүртгэх шийдвэр гаргасан. Наадмаар бөхчүүдийн эрэмбийн асуудлаар маргаан гаргаж, наадамчин олныг чилээхгүй байх талаар хатуу ярьсан.

-Хуульд хариуцлагын ямар зохицуулалт байдаг вэ?


-Баяр наадмын тухай хуульд тодорхой хариуцлагын зүйл байдаггүй юм билээ. Наадмын комисс санаачилгатай ажиллавал энэ асуудлыг шийдэж болно.

 

Н.Энх
 

Shuud.mn
Сонин хачин