Бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдлаа. Хуралдаанаар зүүний магнайд барилдах хоёр аваргын маргааныг шийдвэрлэх үүргийг Бөхийн салбар хорооны дарга Б.Батзоригт үүрэг болгосон байна. Бөхчүүдийн маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар ХХАА-н дэд сайд, Бөхийн салбар хорооны дарга Б.Батзоригтоос тодрууллаа.
-Бөхийн салбар комисс хоёр бөхийн маргааныг хэрхэн шийдвэрлэх бол?
-Үндсэний их баяр наадмын тухай хууль гэж бий. Манай салбар хороо энэ хуулиа баримтлан ажиллана. Хоёр дархан аваргын талаар хэвлэлээр бичигдээд байгаа болохоос одоогоор манай салбар хороонд хандсан зүйл алга. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч зарилга гаргаж, хоёр аваргад дархан аварга цолыг нөхөн олгосон. Ингэхдээ 08 тоот үнэмлэхийг А.Сүхбат, 09 тоот үнэмлэхийг Г.Өсөхбаярт олгосон. Өнгөрсөн жил А.Сүхбат зүүний магнай, Г.Өсөхбаяр барууны магнайд гарсан.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрмийн 3.5-д бүртгүүлсэн бөхчүүдийн цол болон амжилтаар нь эрэмбэлж, жагсаалтыг Монголын Үндэсний бөхийн холбоо гаргана. Энэ жагсаалтад ороогүй бөхчүүдийг барилдуулахгүй гэж заасан. Тиймээс яг энэ дүрмээрээ л явна. Барилдаан болохоос долоо хоногийн өмнө бөхчүүдээ бүртгэж дуусаад эрэмбэлнэ. Одоо маргалдаад байгаа хоёр дархан аварга барилдах эсэх нь тодорхой болоогүй байна. Бөхчүүдийн бүртгэл дууссаны дараа эрэмбэлнэ.
-Эрэмбийг хэрхэн тогтоодог бол?
-Шадар сайд Үндэсний бөхийн холбооны хуулийн дагуу эрэмблэх нь зүйтэй юм байна гэсэн шийдвэр гаргасан. Ёс зүйгүй байдал гаргавал бид хуулийн дагуу шийдвэрээ гаргана.
- Үндэсний бөхийн холбоо хуулийн дагуу шийдвэр гаргадаг. Гэтэл бөхчүүд дэвжээн дээр гарсан хойноо шийдвэрийг хүлээн зөвшөөрөхггүй байдал гаргавал яах вэ?
-Төрийн наадамд бөхчүүд ёс зүйтэй байж, төр түмэн олондоо хүндэтгэлтэй хандах ёстой. Манай салбар хорооноос бөхчүүдээ бүртгээд, мандат олгоно. Мандатын ар талд Үндсэний их баяр наадмын тухай хууль, дүрмээ баримтлан барилдана шүү гэдэг санамж хийж өгнө. Ямар нэгэн маргаан гарахаас сэргийлж салбар хорооны гишүүд засуулууд энгэрийн камертай ажиллана.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ