Газрын маргааныг иргэний шүүхээр шийдвэрлэнэ
2015-07-01

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

 

Үндсэн хуульд “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж хуульчилсан бөгөөд иргэний энэхүү эрхийг хэрэгжүүлэх зорилгоор 2002 онд УИХ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталсан.  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд “иргэн өмчийн газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эрхтэй” байхаар заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдснаар үл хөдлөх хөрөнгө барьцаалах эрхзүйн орчин боловсронгуй болж, талууд гэрээний үүргээ биелүүлэхэд чухал түлхэц болно гэж үзсэний үнэдсэн дээр Засгийн газар уг хуулийн төслийг боловсруулжээ.

 

 

Хэлэлэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин ажлын хэсгээс “төслийн 1 зүйлийн 53.4 дэх хэсгийн “үл маргах” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1 дэхь хэсэгт заасан” гэж өөрчлөх санал оруулж ирсэнийг гишүүд дэмжсэн юм.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1 дэхь хэсэгт “Эрх зүйн маргааныг энэ хуулийн 13.2-т зааснаар арбитр шийдвэрлэсэн, талууд гэрээндээ үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн болон цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, захиргааны шийтгэвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актыг албадан гүйцэтгүүлэхээр бол уг цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, захиргааны шийтгэвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон акт шүүхээр баталгаажсан байна” гэж заажээ.

 

Дараагаар нь  Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

 

Зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдүүд зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн газар, барилга байгууламж, орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалдаг. Үүнээс шалтгаалан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй иргэд, хуулийн этгээд зээл, санхүүгийн аливаа үйлчилгээнд хамрагдаж, хэрэгцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж авч чадахгүй байна. Иймд Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийг барьцаалах тухай бие даасан хуулийг батлах нь Монгол Улсын эдийн засагт нэн шаардлагатай байгаа баталгаажсан хэлцлийн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал үндэс суурь болно хэмээн Засгийн газар үзэж байгаа аж.

 

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс хуулийн төслийг 2016 оны есдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

 

Түүнчлэн Хууль зүйн байнгын хороо хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн юм.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Галын дуудлагад явж буй гал унтраах ангийн бүрэлдэхүүнд зам чөлөөлж өгөөгүйгээс учирсан хохирлын хэмжээ нэмэгдэх тохиолдол байдаг. Тиймээс иргэдэд энэ чиглэлийн мэдээ, мэдээлэл өгч, хамтран ажиллаж байх нь чухал. Мөн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдэд галын аюулаас өөрийн амь нас, эд хөрөнгөө хамгаалах боловсрол олгох зэргээр эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллах нь зөв. Гал унтраах ажиллагаанаас илүү урьдчилан сэргийлэх нь чухал хэмээлээ.

 

Ийнхүү хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин