Хэт даврагчид ижил хүйстнүүдийн аминд хүрэв

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл цаазын ял гүйцэтгэж буй 10 минутын видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хэт даврагчид Сирийн дөрвөн иргэнийг цаазалсан бөгөөд амиа алдсан эрчүүд бүгд ижил хүйстэн хэмээн тайлбарлажээ. Тэднийг Сирийн Ракка хотноо байрлах дөрвөн давхар барилгаас шидэж, дараа нь буудан хороосон байна. “Энэ дөрвөн залуу исламын шашнаас урваж, зүрх сэтгэлээ бохирдуулсан. Эр хүн эр хүнээ анд нөхөр, найзын хувиар хайрлаж болно. Харин эр хүн эр хүнээ хайрлах нь буруу” гэж цаазын ял гүйцэтгэсэн Жихади Хассей мэдэгджээ. Амиа алдсан эрчүүдийг өнгөрсөн гуравдугаар сард Дамаск хотын ойролцоогоос барьцаалсан байна. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хэт даврагчид улам харгис, балмад болж буйг онцолжээ.
“Тэд аллага үйлдэх бүртээ өөрсдийнхөө зөв хэмээн тайлбарлаж, гэмгүй залуусыг ижил хүйстэн, урвагч хэмээн аминд нь хүрдэг. Үнэндээ тэднийг ижил хүйстэн гэдгийг батлах ямар ч боломж байхгүй” хэмээн Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади ярьжээ. Хэт даврагчид өнгөрсөн онд ижил хүйстэн гэх шалтгаанаар 15 залуугийн аминд хүрсэн бол энэ онд гурван залууг дүүжилж, 24 настай Самалагийн баруун гарыг тайрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ