Хэт даврагчид гэнэтийн дайралт хийжээ
2015-07-02

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Египетийн Синайн хойгт эрхээ тогтоохыг санаархаж өчигдөр дайралт хийжээ. Египетийн цэргүүд эх орноо хамгаалж хэт даврагчидтай тулалдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тулааны үеэр 100 гаруй хүн амиа алджээ.

 

“Амиа алдсан иргэдийн дунд армийн 17 цэрэг, 100 гаруй исламын улсын дайчин байсан” хэмээн Египетийн Батлан хамгаалах яамны сайд хэвлэлийнхэнд мэдэгджээ. Гэрчүүдийн мэдээлснээр хэт даврагчдын гэнэтийн дайралтын үеэр Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтнууд амь үрэгдсэн гэв. Яамны хэвлэлийн төлөөлөгч Брег Ген Мухаммед Самир “Армийнхан Синайн хойгт 100 хувь хяналтаа тогтоосон. Одоогоор армийнхан ялалт байгуулаад байна” гэж хэлжээ.

 

Энэ оны эхээр хэт даврагчид Синайн хойгт цуврал халдлага зохион байгуулж, 26 хүний аминд хүрсэн билээ. Өнгөрсөн 2013 онд Египетийн ард түмэн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсиг суудлаас нь буулгасан билээ. Энэхүү үйл явдлын дараа Мурсигийн дэмжигчид “Лалын ахан дүүс” хөдөлгөөний гишүүд Синайн хойгт дайралт хийж, хяналтаа тогтоохыг оролдож эхэлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин