Эмэгтэйг зодсон цагдаагийн өмнөөс уучлалт гуйлаа

Ард иргэдийнхээ амар тайван байдлыг хамгаалах үүрэгтэй хууль сахиулагч цагдаа гудамжинд хүчирхийлэл үйлдэж, нэгэн бүсгүйгээр гарынхаа чилээг гаргаж байгаа бичлэг өчигдөр цахим хуудаснаа цацагдсан билээ.
Бичлэгт цагдаагийн алба хаагч, замын голд машинаасаа бууж, бөөн түгжрэл үүсгэчихээд хөөрхий нэгэн бүсгүйг хүч хэрэглэн зодож, машиндаа хүчээр шахам түлхэж суулгаад юу ч болоогүй юм шиг машинаа асаагаад яваад өгсөн юм.
Тэгвэл уг үйл явдалтай холбогдуулан өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.
Уг мэдээллийн үеэр тэрбээр “Өчигдөр болсон асуудалтай холбогдуулан цагдаагийн газраас тухайн иргэн болон нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна. Улаанбаатар хотын цагдаагийн газарт уг асуудалтай холбогдуулан албаны шалгалт хийсэн. Албаны шалгалтын комиссоос тус албан хаагчид хариуцлага тооцсон байгаа. Харин иргэний биед халдсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тухайн шалгагдаж байгаа албан хаагчид авсан арга хэмжээ, эрүүгийн хэргийн талаарх үйл явцыг та бүхэнд эргэн мэдээллэх болно. Цагдаагийн байгууллагаас цагдаагийн албан хаагч хууль зөрчсөн, ёс бус үйлдэл гаргасан бол мэдээллийг 126 тусгай дугаар, ЦЕГ-ын цахим сайт, хуудсуудаар байнга хүлээн авах болно” гэсэн юм.
Хэрэг юунаас үүдсэн талаар лавлахад “Эмэгтэйг зодсон гэгдэж байгаа ахмад Э.Баасандорж нь автомашинтайгаа явж байхад, Хан-Уул дүүргийн харъяат У гэгч эмэгтэй автозамын хажууд таарсан байгаа аж.
У гэгч эмэгтэй нь 2014 онд ажлаас хууль бусаар халагдсан гэх үндэслэлээр Хан-Уул дүүрэгт өргөдөл гаргажээ. Уг өргөдлийг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Э.Баасандорж шалгаж байсан юм байна. Гэвч хэргийг мөрдөх явцад ямар нэг гэмт хэргийн шинж илрээгүй учир хэргийг хаажээ.
Харин өчигдөр өглөө замын хажууд тэд тааралдаж У гэгч эмэгтэй ахмад Э.Баасандоржийг хэл амаар доромжилж, автомашиныг нь өшиглөх үйлдэл гаргасан байна. Үүнд ахмад Э.Баасандорж бухимдаж, эмэгтэйн биед халдсан болох нь мэдүүлгийн явцад тодорсон байна.
Э.Баасандорж нь цагдаагийн байгууллагад олон жил ажилласан тэрбээр эхнэр, хүүхэдтэй, нас тогтсон нэгэн аж. Түүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 41.1-т “Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид ял шийтгэл хүлээлгэхээргүй бол Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна” гэж заасны дагуу арга хэмжээ авч магадгүйг албан бус эх сурвалж мэдээллээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ