Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын баталлаа
2015-07-02

УИХ-ын чуулганы  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж,  эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

 

Дараа нь Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  Хуульзүйн  байнгын хороо чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үдийн завсарлагаар хуралдан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан байна. Ингээд горимын саналыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг батлах санал хураалгахад гишүүдийн 69.1 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

 

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Байнгын хороо хуулийн төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 17, Байнгын хороодоос 37, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдээс 42, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн С.Оюун нараас 11, Монгол Улсын Засгийн газраас 39, нийт 146 төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгуулахаар санал ирүүлсэн байна.

 

УИХ-ын  2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа намрын чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль, тогтоолын төслүүд; УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг багтаах гэсэн зарчмыг баримтлан тогтоолын төсөлд 24 төслийг нэр зааж тусгасан талаар байнгын хорооны санал, дүгнэлтэд дурджээ. Харин тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Байнгын хороодын саналыг харгалзаж үзэх, түүнчлэн одоогоор боловсруулах шатандаа байгаа, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдээгүй бусад төслүүдийг өргөн мэдүүлсэн үед нь хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзсэн байна.

 

Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тогтоолын төсөлд нэмэх санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм. УИХ-ын  2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд УИХ-ын  2015 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

 

1/Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;

 

2/Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;

 

З/Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл; 4/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 

5/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

 

6/Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

 

7/Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

 

8/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

9/Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

 

10/Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

 

11/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

12/Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

13/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

 

14/Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд; 15/Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

 

16/“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Халх гол чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 

17/Органик хүнсний тухай хуулийн төсөл;

 

18/Хог хаягдлын тухай хуулийн төсөл;

 

19/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

 

20/Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

 

21/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

 

22/Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

23/Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

24/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

25/бусад.

 

Эдгээрээс бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д  өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын  бусад шийдвэрийн төслийг УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байхаар тусгажээ.

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын  гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсан юм. Ингээд УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын  тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.0 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдсан юм.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин