Наадмын дараа баахан морь эндчихсэн байх вий
2015-07-03

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан саналыг Зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж, Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг хавсралтаар баталлаа.

 

Энэ талаар өнөөдөр Хурдан морины салбар хороон дарга, хошууч генерал З.Болдбаатар, тус хорооны дэд дарга Ж.Болдбаатар нар мэдээлэл хийлээ.

 

 

Энэ журмыг Үндэсний их баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулахад мөрдлөг болгохоор болжээ. Уг тогтоолоор уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжих ажлын хэсгийг томилж, журамд заасны дагуу эрлийз морьдыг тусад нь уралдуулах аж.

 

 

Тодруулбал, энэ сарын 13-нд Хүйдолоо худагт эрлийз морины уралдааныг их нас, дунд нас, бага нас гэсэн гурван хэсэгтэй уралдуулах аж.

 

Үүнтэй холбогдуулан Үндэсний баяр наадмын комисс ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүсийг томилж ажиллуулж байгаа аж. Монгол морьдоос эрлийз морьдыг үүлдэртэй байдлаар нь ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос, (биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, сүүл) сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгох юм байна. Эрлийз морины уралдааны бай шагналыг монгол морьтой адилхан шагнаж, уяачдад нь адил цол урамшуулал олгох юм байна.

 

 

Түүнчлэн, наадмийн өдрүүдэд наадамчин түмнийг уйдаахгүй тулд уралдаан бүрийн дундуур “Монгол морьтон” үзүүлэх тоглолт, “Адуучин” зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулах юм байна.

 

 

З.Болдбаатар: Морьдоо өвтгөхгүй байхыг анхааруулж байна

 

Хурдан морины салбар хороон дарга, хошууч генерал З.Болдбаатартай цөөн хором ярилцлаа.

 

-Жил жилийн наадамд унаач хүүхдийн хувцас хэрэглэлийн асуудал хөндөгддөг. Энэ жил унаач хүүхдүүдийн хувцас, хамгаалалт өөрчлөгдсөн үү?

 

-Үгүй. Өөрчлөгдөөгүй. Манай хурдан морины салбар хороо, Хүүхдийн төлөө газартай хамтарч ажиллаж байгаа. Унаач хүүхдүүд малгай, тохойвч, цээживч, өвдгөвч зэрэг хамгаалалттай уралдана. Мөн эмээлтэй уралдуулна. Бүгд хуучин ном дүрмээрээ хэвээр байгаа. Манай салбар хорооноос уяачдадаа хандаж, зөвлөмж хүргүүлсэн байгаа. Хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудлыг онцгойлон анхаарч байна.

 

 

-Энэ жил зуншлага муу, тоос шороо ихтэй байна. Уралдааны зам хэр усалгаатай байгаа вэ?

 

-Усалгаа хийж байгаа. Гэвч наадмын өдрүүдэд олон хүн бужигнахаар асар их тоос шороо бужигнана. Өвс муутай гандуу байгаа учраас уяачдадаа анхааруулга өгч байгаа. Уяачид хурдан морь унаж байгаа хүүхдүүд маань байгалийн хүчин зүйлсийг тооцож, өөрсдийн бэлтгэлээ дор бүрнээ сайн хангахыг сануулж байна. Өвс ногоо багатай учир малын тэнхээ тамир муудаж, морьдын хүч тамир тааруу байх талтай.

 

 

-Морьдын хүч тамир муу байгаа гэж та хэллээ. Тиймээс уралдааны зайг наашлуулах талаар ярилцаж байна уу?

 

-Энэ асуудлыг уяач маань комисстойгоо ярилцаж байна. Зургаан насанд уралдах зайг байж болох хэмжээгээр наашлуулах байр суурьтай байгаа. Гэхдээ бид нарын уламжлалт үйл ажиллагаа маань айхтар эвдэгдэхгүй байх. Гол нь байглийн хүчин зүйлээс болоод гэнэтийн асуудал гарах вий гэж эмээж байна. Тиймээс уяачиддаа мал эмнэлэгт морио үзүүлж харуулаарай, морьдоо өвтгөх вий хэмээн анхааруулж байна. Үндэсний их баяр наадмын дараа баахан морь эндчихсэн байх вий гэж сануулж байгаа.

 

 

-Уралдааны хуваарь ямар байх вэ?

 

-Долоон сарын 10-нд хязаалан, шүдлэн уралдана. Долоодугаар сарын 11-ний өдөр азарга, их нас, 12-нд соёолон, даага уралдана. Харин эрлийз морьдыг “Уяачдын наадам” буюу 13-нд уралдуулна. Мөн холч, жороо морины уралдаанууд болно. 

 

 

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
эерэг:
Битгий муу амлаад бай. монгол хүн амны билгээрээ гэдэг үг бий.
2015-07-04
ахахха:
сэтгүүлч минь дээ. морьдоо өлдөөхгүй байхыг анхааруулж байна гэж хэлсэн шүү дээ. хариуцлагатай бай л даа
2015-07-03
Зочин:
болдбаатар гуай минь морь мал ядрах тэжэд муу байх, өвдөх гэмтэх чинь шал өөр асуудлууд шүү. Муугаа чихэх нүхээ аль хэдий нь олсон байх шив дээ. Малын эмч нарт эрх чөдөө олгоорой. дарангуйлагч аа
2015-07-03