Бекхэм хуримын ойгоо тэмдэглэв

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм нар өчигдөр хуримын ойгоо тэмдэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос гэрлээд 16 жил болжээ. Бекхэм гэр бүлийнхээ хамтаар Лондон хотын таван одтой “Beaumont” зочид буудалд тэмдэглэсэн байна. Тэдний хуримын ойд дуучин Адель, Рики Мартин, “Spice Girl”-ийн гишүүд хүрэлцэн ирж, баяр хүргэжээ.
Бекхэм фэйсбүүктээ “16 жил. Урт хугацаа шүү. Викториаг анх хараад л дурласан. Тэрбээр бусад бүсгүйчүүдийг бодвол тийм ч их инээдэггүй байсан. Ихэвчлэн ууртай царайтай харагддаг байсан. Викториагийн бусдаас өвөрмөц гадаад төрх надад таалагдсан. Викториа бол миний амьдралын баяр баясгалан. Аз жаргал бэлэглэгч нэгэн. Энэ бүсгүй миний дэргэд байгаагүй байсан бол. Төсөөлөхөөс ч айж байна” гэж бичжээ. Викториа твиттертээ “Гайхалтай, гайхалтай. 16 жил нэг нэгнээ түшэж, дөрвөн хүүхдийн эцэг эх болсондоо туйлаас баяртай байна. Нас эцэслэх хүртлээ хамтдаа байхаа амлаач. Би чамд үхэх өдрөө хүртэл үнэнч байх болно” гэж жиргэсэн байна. Мөн Бекхэм твиттертээ гэр бүлийнхээ зургийг байршуулаад “Манай гэр бүлийг аз жаргалтай гэдгийг батлах гол гэрчүүд бол энэ хүүхдүүд” гэжээ.
Тэдэнд Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям баяр хүргэж, твиттертээ "Найздаа баярын мэнд хүргье. Энэ гайхалтай өдрийг хэзээ ч мартагдашгүй тэмдэглэж өнгөрүүлээрэй” гэж жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ