Төр үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжинэ
2015-07-05

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр европ стандартаар евро блок үйлдвэрлэдэг МАК Хийт бетоны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

МАК Хийт бетоны үйлдвэр нь хоногт 900 куб метр евро блок үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд  энэ төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангах боломжтой. Шинж чанарын хувьд  хөнгөн, бат бэх, даац өндөртэй, дулаан хадгалах чадвар сайн, суулт өгдөггүй, шатдаггүй, дурын хэмжээсээр үйлдвэрлэх боломжтой гэдгээрээ онцлогтой болохыг УИХ-ын даргад танилцуулав.

Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа УИХ-ын дарга үйлдвэрлэлийг төрөөс дэмжих талаар МАК Хийт бетоны үйлдвэрийн удирдлагуудтай ярилцсан юм. Тэрээр хэлэхдээ, зах зээл чөлөөтэй байх ёстой, гэхдээ үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх үүднээс үйлдвэрлэлийг татварын бодлогоороо дэмжих шаардлага байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг олон улсын  жишгийн дагуу бид явах юм. Үйлдвэржилтийг дэмжих зохицуулалт бүхий “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл эцсийн хэлэлцүүлгийн шатандаа явагдаж байна. Энэ бодлогын хүрээнд Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн бүр ямар нэг тендерт давуу эрхтэйгээр оролцох зохицуулалт хийгдэнэ. Мөн татварын асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй. Татвартай холбоотой асуудлыг шийдэх эрхийг Засгийн газарт өгөх учраас үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжих бүрэн боломжтой.

 

УИХ-ын 2015 оны хаврын чуулганы хугацаанд 888 төслийн хүрээнд үйлдвэржилтийн зээл авсан төслүүдийн явцтай танилцаж байгаа. Зээл авсан үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ гаргаж, амжилттай ажиллаж байна. Үр дүнд нь олон салбарт дэлхийн жишигт нийцсэн чанар, стандарттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж бүхий эдгээр үйлдвэр үүгээрээ Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа юм. Засгийн газраас өнгөрсөн жилийн хугацаанд үйлдвэрүүд байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох байдлаар төрөөс дэмжиж ирлээ. Харин одоо амжилттай ажиллаж байгаа тэдгээр компаниудын бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжиж, гадаадын өрсөлдөөнөөс хаах талаар төрөөс анхаарах шаардлагатай юм байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин