Ассанжид орогнол олгохоос татгалзав
2015-07-06

Францын удирдлагууд “Wikileaks” сайтын үүсгэн байгуулагч Жулиа Ассанжид улс төрийн орогнол олгохоос татгалзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Шведийн прокурорууд Ассанжийг бага насны хүүхдийг уруу татсан хэмээн буруутгаж, баривчлахаар төлөвлөөд байгаа юм. Ассанж энэхүү хэрэгтэй ямар ч хамааралгүй хэмээн мэдэгдэж “Улс төрийн тоглолт, гүтгэлэг” гэжээ.

 

Жулиа Ассанж 2012 оноос хойш Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнож байгаа юм. Ассанжид орогнол олгохоос татгалзсан шалтгаанаа Францын талаас тайлбарлаагүй ч өнгөрсөн долоо хоногт “Wikileaks” сайтад “NSA”, Францын удирдлагуудыг хэрхэн чагнаж байсан талаарх мэдээллийг нийтэлсэнтэй холбоотой хэмээн сэтгүүлчид таамаглаж байна.

 

Францын өдөр тутмын “Ле Монде” сонин “Ассанжид орогнол олгосон бол тэрбээр ямар ч айдасгүйгээр АНУ-ын жинхэнэ төрхийг илчилж, хоёр улсын дунд хагарал үүсгэх эрсдэлтэй. АНУ энэ бүхнээс урьдчилан сэргийлж, Францтай нууц тохиролцоонд хүрсэн” гэж мэдээлжээ.

 

Лондон хотноо суугаа Францын Элчин сайд, Ассанжийн хүсэлтийг хүлээх авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. Татгалзсан хариу авсан Ассанж, Францын Ерөнхийлөгч Франсуа Олландад захиа явуулж, боломж олгохыг хүсчээ. Тэрбээр “Хэрвээ миний саналыг хүлээн авч, орогнол олговол би Францын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дэлгэрэнгүй ярилцлага өгөхөөс гадна олонд дэлгээгүй зарим материалыг ч үзүүлэх болно” гэж бичжээ.

 

Жулиа Ассанжийн хувьд Латин Америкийн зарим орон болон ОХУ-д орогнох хүсэлтээ илгээсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин