Анх удаа ял эдэлж байгаа хүмүүсийг өршөөх хэрэгтэй

УИХ дахь бие даагчдын зөвлөл хуралдаж дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бие даагч гишүүд мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Оюутолгойн талаарх мэдээллийг дахин сонсохоор төлөвлөж байгаа. Ойн тухай хуульд уламжлалт аргыг шингээсэн байх ёстой гэж үзэж байна. Бид олон зуун жилд ойтойгоо харьцаж ирсэн. Түүнийхээ үр шимийг зөвөөр хүртэж ирсэн учир ойг огтлох аргаа иргэд маань өөрсдөө мэдэж байгаа. Эрүүгийн хуулийн зарим заалтыг дэмжихгүй байна. Засаг төрийн эсрэг үг хэлсэн, жагсаал хийсэн, эрх мэдэлтэнт гар хүрвэл шууд ял авдаг байхаар хуулинд тусгасан. Иймэрхүү төрийн эрх мэдэлд луйвраар хүрчихээд өөрсдийгөө хамгаалсан заалт оруулж ирсэн байна.
Тухайлбал, “Хуулийн этгээд ял хүлээнэ” гэж оруулсан. Компани дээр нь эрүү үүсгэдэг эсвэл иргэн дээр ял оноодог байдлаар тусгасан нь ял завших боломжийг олгож байна. Хүн гүтгэхийг 2 сая төгрөг болгож бууруулсан. Хууль ингэж гарвал хүн гүтгэх юу биш болно. Зөвхөн сонгуулийн үед хүн гэтгэвэл ял эдэлдэг байхаар оруулж ирж байгаа нь ёс зүйд нийцэхгүй юм. Одоогийн хувилбараар хууль батлагдвал жирийн иргэн ял эдэлж, мөнгөтэй төгрөгтэй нь ялаас мултардаг байхаар зохицуулж болохоор байна. НӨАТ-ын хууль орж ирсэн. Үүнийг хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг гарч хуулиа орчин цагтайгаа нийцүүлсэн байдлаар гаргах ёстой” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун :
-“Халх гол” чөлөөт бүсийг дэмжиж байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ хэт давалгаалж, газар нутгаа сэндийчсэн байдал руу орох вий гэсэн болгоомжлол байгаагаа хэллээ. Үүний зэрэгцээ Органик хүнсний тухай хуулийг парламент батлах нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр нийт хүн амын 5 хувь нь таргалалттай, 40 хувь нь харшил хавдартай, 10 төрөлтийн нэг нь ямар нэг гажигтай байгаа нь органик бус хүнстэй холбоотой. Иймд энэ хууль нь цаг үеэ олсон хууль гэв. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсантай холбогдуулж энэ чиглэлийн сургалт мэдээллийг зохион байгуулахад анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэв.
Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд бие даагчид ямар байр суурь баримталж байна вэ?
-Эдийн засгийн ил тод байдлын хуулийг Өршөөлийн тухай хуультай хамтатган хэлэлцэх нь зүйтэй. Хууль бусаар хөрөнгөжсөн, авлигал авсан, гадаадад сая ам.доллараа мартсан гэх мэт орлогуудыг ил тод болгохыг орхиод Өршөөлийн хуулийг хамтад нь хэлэлцэж болно. Залуучууд гэнэ томоогүйгээсээ болоод анх удаа ял эдэлж байгаа зүйл их болжээ. Авлигадах мөнгөгүй, аргалах бололцоогүй айлын хүүхдүүд өнөөдөр шоронд ял эдэлж байна. Тийм учраас Эрүүгийн хууль нь ардчилсан энэрэнгүй хууль гарч байгаа юм бол анх удаа ял эдэлж байгаа хүмүүсийг чөлөөлөх хэрэгтэй.
-АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс бүлэгтээ МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлахыг үүрэг болгожээ. Танай зөвлөлд АН-ын бүлгээс Засагтай холбоотой асуудлаар ямар нэг санал ирсэн болов уу?
-Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд ямар нэг мэдээлэл бидэнд алга.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ