Наадмаар худалдаа эрхлэх зөвшөөрлийг иргэдэд түлхүү олгосон

Үндэсний их баяр наадмын үеэр аж ахуйн нэгж, иргэд 850 орчимцэгт худалдаа үйлчилгээ эрхлэх юм. Энэ талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас зарим зүйлийг ярилцлаа.
-Наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Энэ жил 850 орчим цэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Иргэд жил бүр наадмаар тусгай цэгт худалдаа үйлчилгээ эрхэлдэг. Энэ жил 850 орчим цэгт худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон.
Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд 600, Хүй долоо худагт 250-иад аж ахуйн нэгж, иргэдэд зөвшөөрөл өгнө. Нийт 850 цэгийн 70 гаруй хувь нь хуушуур зарах цэг байгаа.
-Эдийн засгийн хямралтай холбогдуулан аж ахуйн нэгж гэхээсээ илүү иргэдэд зөвшөөрөл түлхүү олгосон гэж сонсон юм байна?
-Тийм ээ, үнэн. Эдийн засгийн хямралаас болж иргэдийн амьжиргааны түвшин, худалдан авах чадвар муу байгаа.
Тиймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу иргэдэд голчлон зөвшөөрөл олгосон. Мөн иргэдийг заавал Хүйдолоо, Төвцэнгэлдэх хүрээлэнд очихгүйгээр хуушуур идэх бололцоог хангаж буй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн иргэд Драгон төв, Баянхошууны эцэст байрлах хуушуурын цэгүүдээс очиж хуушуураа авч идээрэй.
-Наадамчин олны зүгээс жил бүр чанаргүй, муудсан бараа бүтээгдэхүүн зарлаа гэж гомдол гаргадаг. Энэ жилийн хувьд хяналтыг хэрхэн тавьж ажиллах вэ?
-Мэдээж хүнсний аюулгүй байдалд түлхүү анхаарч ажиллаж байна. Иргэд ч гэсэн өөрсдөө хүнсний аюулгүй байдлыг хангасан бараа, бүтээгдэхүүнээр наадамчин олонд үйлчлэх хэрэгтэй. Зөвшөөрлөө авсан иргэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд заавал хамрагдсан байх ёстой.
Дээр нь бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулсан байх шаардлагатай. Тэр тусмаа хуушуур хийж зарж, борлуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд чанар болон аюулгүй байдал дээр маш сайн анхаарах нь зүйн хэрэг.
-Тухайлбал?
-Иргэдийн гол анхаарах зүйл бол мах, махан бүтээгдэхүүн. Тэр дундаа хуушуурын мах. Иргэд урьдчилан бэлдсэн махаа хөлдөөгчинд 10, 20 кг-аар нь хөлдөөдөг. Ингэж болохгүй. Хоёр юм уу гурван кг-аар савлаж жижиглэж хөлдөөх ёстой. Их хэмжээгээр хөлдөөсөн мах гол хэсэгтээ хөлддөггүй. Улмаар маханд эвгүй үнэр орж, мууддаг талтай. Энэ мэт зүйл дээрээ анхаарах хэрэгтэй. Гэхдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын 200 байцаагч наадмын гурван өдөр хяналт тавьж ажиллана.
-“Монгол хуушуур-2015” фестиваль болно гэж сонссон. Энэ фестиваль ямар онцлогтой вэ?
-
“Монгол хуушуур-2015” фестивалийг долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн худалдаа үйлчилгээний талбайд зохион байгуулна.
Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд манай хэлтэс Хараагүйчүүдийн нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаа. Хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хуушуурыг тэдний үйлдвэрлэсэн цаасан уутанд хийж худалдаална. Хуушуур хийх зөвшөөрөл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд бүгдээрээ цаасан уутанд хуушуураа хийж худалдаална
-Энэ жил Төвцэнгэлдэх хүрээлэнд газ ашиглахаар болсон. Үүнд ихэнх иргэд дургүй байгаа. Харин та юу гэж бодож байгаа вэ?
-Энэ жил хуушуур хийж худалдаалах зөвшөөрөл иргэн, аж ахуйн нэгжүүдэд газ ашиглах зөвшөөрөл олгосон. Учир нь өнгөрсөн жилүүдэд газ ашиглахыг хориглосноос, цахилгааны ачаалал ихсэж, Төв цэнгэлдэх, Хүй долоон худагийн зарим хэсгээр эрчим хүч тасалдаж байсан.
Тиймээс Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газрын хяналтад газ ашиглахыг зөвшөөрч байгаа. Миний хувьд ч ялгаа байхгүй зөв шийдвэр гэж бодож байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ