МАН асуудалд гацаа тээг болсоор ирсэн

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийсэн юм. Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ, байнгын хороогоор хэлэлцэх хуулийн төслийг хэлэлцээд нэгдсэн байр суурьт хүрсэн байна. Мөн АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-тай хамтарсан гэрээгээ цуцлах үүргийг тус бүлэгт өгсөн. Бүлгийн хуралдаанд оролцсон 27 гишүүд Гүйцэтгэх зөвлөлийн үүргийг дэмжжээ. Ингээд АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар Гүйцэтгэх зөвлөлийн өгсөн үүргийг хэрэгжүүлэх аж. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Наадмаас өмнө МАН-ын зургаан сайдыг гаргах уу?
-Наадмаас наана уу, цаана уу гэдэг асуудлыг тодорхой ярьсангүй.
-Гэрээгээ цуцлах эрх нь хэнд байдаг бол?
-АН өнөөдөр олонхийг бүрдүүлж байгаа. Энэ утгаараа шийдвэрийг АН-д санаачлах эрх нь байгаа. Хоёрдугаарт энэ хамтран ажиллах тухай гэрээний баримт бичиг болохоос ямар нэгэн дагаж мөрдөх хууль дүрэм журам биш.
-Ерөнхий сайдыг эзгүйд яагаад ийм шийдвэр гаргасан бэ?
-Ерөнхий сайд тухайн үед гадаадад ажиллаж байсан нь үнэн. АН-ын дүрмийн дагуу Гүйцэтгэх зөвлөл асуудлаа шийдэх эрхтэй. Тийм учраас чиглэлээ гаргасан.
-Ерөнхий сайд энэ асуудлыг хэрхэн хүлээж авсан бол?
-Ерөнхий сайд бүлгийн хуралд оролцсон. Өөрийнхөө саналыг илэрхийлсэн. Бүлгийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Ямар нэгэн цааргалах асуудал байхгүй.
-МАН энэ шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл яах вэ?
-Ардын нам мэдээж хуралдаж холбогдох байгууллагаараа ярих байх. АН, МАН-тай хамтарч ажиллах ажиллагаагаа эрчимжүүлье, баярын өмнө шийдэх асуудлуудаа шийдье гээд МАН-д хандсан. Дөрөв дэх өдөр хариу өгсөн. Тэрэн дээрээ бүх зүйл заалтаараа АН-ын буруутгасан байгаа. Тэгэхээр бидний энэ асуудал зайлшгүй шийдэх асуудал болжээ. Шалтгаан нь харилцан бие, биенээ буруутгахаас өөр асуудал эдэнд үлдээгүй юм байна гэдэг нь тодорхой харагдаж байгааа юм. Мөн МАН-ын мэдэгдэлд ажлын хэсгийн ахлагч нар АН-аас байна гэсэн асуудлыг тавьсан байна лээ. АН бол олонхийг бүрдүүлж байгаа нам гэдгийг анхаарах ёстой. АН хамтарч ажиллах санал болгосон үүнийгээ татаж авах эрх нь байгаа. Ажлын хэсэгт намуудаас харьцаагаараа орсон байгаа. Хамтын хүчээр асуудлыг шийдэх гэж оролдсон.
-Засгийн газарт тогтворгүй байдал үүсчихлээ. Анхнаасаа хөөх байсан юм бол яах гэж урьсан юм бэ?
-АН тооцож үзсэн. Өнгөрсөн хугацаанд Ардын нам УИХ-ын чуулганы хуралдааныг тасалдуулах ажиллагааг нийт асуудлын 60 хувьд Засгийн газрын халаа сэлгээ, солих өөрчлөх асуудлыг тавьсан. Үүнээс болоод ажил явахгүй байсан учраас бид Засгийн газартаа Ардын намыг хамтарч ажиллах санал тавьсан. Гэвч өнөөдрийг хүртэл хэлэлцэж байгаа асуудалд гацаа тээг болсоор байгаа учраас ийм шийдвэрт хүрч байна. Үүнээс хойш МАН Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлыг тавихыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр бусад намууд засагт хамтарсан хэвээрээ байх учраас төвөгтэй байдал үүсэхгүй байх.
-Зургаан сайдыг чөлөөлснөөр төрийн албаны халаа сэлгээ зогсоно гэж үзэж байгаа юу?
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Аль нэг намын хүн гэхээсээ илүү төрийн албан хаагч. Энэ хүнийг ажил орох, халах нь хүний ажил, амьдралтай холбоотой учраас хүний асуудалд анхааралтай ханддаг. Энэ дээр хууль зөрчиж томилсон асуудал дээр ярина. Үнэхээр сонгон шалгаруулалтандаа тэндээ тухайн нөхцөл байдалдаа ороод ажилдаа осрон хүнийг халж солино гэсэн юм байхгүй.
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж:
-МАН-ыг хөөж, туугаад байгаа юм байхгүй шүү дээ. Хамтарч ажиллаад үзлээ. Эдийн засгийн хүндрэлээс гарахад нэмэр болсонгүй. Харин өөрсдийнхөө гишүүдийг ажил төрөлтэй болгох асуудлыг хийлээ. Тэгэхээр Засгийн газар дээр хамтрах бизнес байхгүй юм байна. Энэ зургаан сайдын асуудал цаашдаа яригдах байх. УИХ-ын бизнес явдагаараа явна. Үндсэн хууль, намуудын хууль, сонгуулийн хууль хүлээгдэж байгаа.
-“Тавантолгой”-н гэрээний төслийг дахин өргөн барих гэсэн боловч танай намын дарга хүлээж аваагүй гэж байна. Ер нь цаашдаа намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэсэн зарчмын үүднээс Ерөнхий сайдыг ч солиж магадгүй гэсэн мессэж нийгэмд гараад байна. Энэ асуудлаар бүлэг хэлэлцсэн үү?
-Баярын өмнө том том хуулиудыг батлаж байна гэх шүүмжлэл байдаг. Энэ утгаараа намын дарга “Тавантолгой”-н төслийг Намрын чуулган руу шилжүүлье. Аажуу, уужуу хэлэлцье, иргэдийг баяр наадмаа тэмдэглэж байхад хулгайгаар баталлаа гэдэг шүүмжлэл ахин дахин аваад баймааргүй байна гэсэн үүднээс намар болтол хойшлуулсан. Түүнээс ямар нэгэн зөрчил үүсээд өргөн браих гэж байгаа хуулийн төслийг хүлээж авахгүй байгаа юм биш.
-МАН-ын зургаан сайдын оронд аль намын төлөөлөл орох вэ. Мөн байнгын хороодын дарга нарын томилгоог шинээр хийх байх?
-Үлдэж байгаа намуудтай хэрхэн хамтарч ажиллахаа талаар нам болон бүлгийн дарга нарт чиглэл өгсөн. Үүний дагуу үйл ажиллагаанууд явна. УИХ-ын асуудлыг өнөөдөр бид яриагүй.
-Засгийн газарт их хэмжээний бонд орж ирж байгаа. Үүний захиран зарцуулалтыг АН дангаараа хийх гэж МАН-ыг засгаас гаргаж байна гэсэн шүүмжлэл явж байна?
-Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш эдийн засгийг сайжруулах үүднээс янз бүрийн бонд гаргасан. Энэ бодуудын үр шимээр Монгол Улсад хэрэгтэй хөнгөн үйлдвэр, дэд бүтцийн чиглэлийн үйл ажиллагаанууд маш эрчимтэй явж байгаа. Бондыг үр ашиггүй зарцуулсан гэдэг яриа худал. Үүний үр дүн одоо гарч эхлэж байна. Харамсалтай нь хамтарч ажиллаж байгаа МАН үүнийг үгүйсгэх тактик барьж ажиллаж байгаад л хамаг учир байгаа юм.
-2012-2016 онд тавьсан гадаад өрийн хариуцлагыг АН дангаараа үүрэх үү?
-Бондыг үр ашигтай зүйлд зарцуулагдсан эсэхээс шалтгаалж өрийг хаах асуудал яригдана. Мэдээжийн хэрэг энд хугацаа хэрэгтэй. Энэ утгаар л бид ажиллаж байна. Түүнээс бонд гэдэг гоё нэр өгчихөөд түүний цаана үр нуугаад байгаа асуудал байхгүй. Өр байх нь байгаа. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газар, УИХ өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдээд явна.
-АН МАН-ыг засгаас гаргах шалтгааныг биднийг муулсан, халаа сэлгээ хийсэн гэж тайлбарлаж байна. Ер нь ямар хуулийн төслүүдийг хэлэлцэхэд МАН дэмжихгүй байгаа юм бэ?
-МАН хэлэлцэх ёстой асуудалд саад болоогүй гэж байгаа боловч зөвхөн өөрсдийнхөө өргөн барьсан хуулийн төслүүдийг явуулахын төлөө ажиллаж байгаа. Ажлын хэсэгт бүх намын төлөөлөл байгаа. Тэр дундаа МАН, АН-ын гишүүд олон бий. Асуудлыг шийдээд явах бүрэн боломж байсан боловч намын эрх ашгийн үүднээс гацаж байна. Тухайлбал Сонгуулийн тухай хууль. Хамтран ажиллах гэрээн дээр үүнийг тодорхой заасан боловч эргээд ороод ирэхдээ өөр болсон. Энэ нь наад захын жишээ. МАН өөрсдийн бага хурал, бүлгээрээ хэлэлцээд тайлбар өгөх байх. Түүний дараа баримттай зүйлүүд гарч ирэх байх.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ