Сирийн тагнуулч хэмээн цаазалжээ
2015-07-07

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сирийн хоёр тагнуулчийг цаазалж буй бичлэгээ твиттер хуудастаа байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид цаазын ял гүйцэтгэхээсээ өмнө тагнуулчдаас тусгай төхөөрөмжийн тусламжтай зөв, буруу ярьж байгааг нь тогтоожээ.

 

Башар Абдул Атхем болон Файсал Хасан аль Хабаб нараас “Чи ямар зорилготой манай бүлэглэлд элссэн”, “Чи тагнуулч уу” хэмээн асуужээ. Залуус өөрсдийгөө тагнуулч биш гэсэн ч төхөөрөмж буруу ярьж байна хэмээн мэдэгдэж, улмаар хэт даврагчид тэднийг цаазалсан байна.

 

Цаазын ялыг Сирийн Ракка хотноо үйлджээ. Хэт даврагчид ганцхан долоо хоногийн дотор ижил хүйстэн, хулгайч, тагнуулч гэх үндэслэлээр 58 залуугийн аминд хүрчээ. Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади “Хэт даврагчид улам хэрцгий, тааварлахыг аргагүй болж байна. Тэд ямар ч үндэслэлгүйгээр олон хүнийг хороож байна” гэж хэлжээ.

 

Амиа алдсан залуус 2013 онд тус бүлэглэлд элссэн бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сард Багдад хотноо болсон дэлбэрэлтийг зохион байгуулсан нь тогтоогджээ. “Тэд Сирийн Засгийн газрын тушаалаар хэт даврагч болсон тагнуулчид гэх баримт олдоогүй байна” гэж “САНА” агентлаг мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин