Элчин сайд нар ИЖБ барив
2015-07-07

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Шинэ Зеланд улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Маккинон, Бүгд Найрамдах  Эквадор улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хосе Мариа Борха Лопэс, Бүгд Найрамдах Сингапур улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийп Ве Киат, Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михайл Рафал Лабенда нар Итгэмжлэх жуух бичгээ барилаа.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдон ирсэн Элчин сайд нартай ганцаарчлан уулзав.  

 


 

Шинэ Зеланд улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жон Маккинонтой уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ ажилд нь амжилт хүсэн ерөөж хоёр талын найрсаг харилцаа  дипломат харилцаа тогтоосноос хойших 40 жилийн хугацаанд тал бүрээр хөгжиж ирснийг тэмдэглэв. Мөн өнгөрсөн жил хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын хооронд болсон зөвлөлдөх уулзалтын үр дүнд Монгол Улс, Шинэ Зеландын хооронд цаашид найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх байнгын яриа хэлэлцээг хөгжүүлэх сайн хөрс суурь бүрдсэнийг дурдлаа.

 


 

Бүгд Найрамдах Эквадор улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хосе Мариа Борха Лопэстай уулзах үеэрээ Монгол Улс нь Латин Америк, Карибийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд ач холбогдол өгч байдгийг дурдаад өнгөрсөн жил Бразилийн нийслэлд Элчин сайдын яамаа нээсэн нь үүний нэг жишээ болохыг хэлж байв. Мөн хоёр орны хооронд худалдааны харилцаа өргөжиж байгаа юм байна.

 


 

Бүгд Найрамдах Сингапур улсын Элчин сайд Ийп Ве Киаттай уулзах үеэр энэ жил хоёрталын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйг тэмдэглээд 2013 онд Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд Сингапурт амжилттай айлчилснаа дурдлаа. Хоёр талын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлал болон яриа хэлэлцээнүүд тогтмолжиж ирснийг мөн тэмдэглэв.

 


 

Бүгд Найрамдах Польш улсын Элчин сайд Михайл Рафал Лабендатай хийсэн уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож буйг дурдаж, мөн энэ долдугаар сарын 29-30-нд тэмдэглэх Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойгоор Польшийн талаас  тус улсын ардчилсан хувьсгалын лидер Лех Валенса нарын зэрэг хүмүүсийг уриад байгааг дурдав.     

Shuud.mn
Сонин хачин