А.Сүхбат: Ард түмэнд амалсан ёсоор зодоглоно

Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат, бөх судлаач Н.Зоригтбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Дархан аварга А.Сүхбат аварга "Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Баяр наадмын тухай хуулиар дархан аварга цолны болзлыг би 2004 онд хангасан байсан. Энэ жилийн хувьд ард түмэндээ амалсан ёсоороо баяр наадамд зодоглоно. Бэлтгэлээ сайн хангасан. Миний бие эрэмбээ бууруулахгүйгээр цолондоо гарч барилдах бөгөөд энэ нь миний 30 жил дэвжээнд гарсны үр өгөөж юм.
Миний бие 2006 онд зодог тайлсан хэдий ч дасгалжуулагч хийгээд үргэлж дэвжээн дээрээ байсан. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч 2007 онд Г.Өсөхбаяр бид хоёрыг дуудаж “Дархан аварга” цолыг гардуулсан. Уг цол чимгийг Ерөнхийлөгч л олгодог. Миний хувьд ийм асуудал гарч байгаад би их гайхаж байна. Г.Өсөхбаяр бид хоёр хэдийгээр найзууд ч гэлээ баяр наадмын комисс, бөхийн холбоо хагаралдуулж байна. Энэ байдлыг нэг тийш нь болгож өгөөч, Төр засгийн зүгээс дуугараач гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүсч байна” гэв.
Түүнчлэн тэрбээр “Миний амжилтыг сүүлийн үед үнэгүйдэх боллоо. Тухайлбал, намайг улсад гурав түрүүлсэн. Г.Өсөхбаярыг дөрөв түрүүлсэн учраас зүүнийг манлайлах нь зүйтэй гэсэн мэдээлэл байнга явж байгаа. Би 2000 оны үед Г.Өсөхбаяр аваргын дор эрэмбэлэгдэж байсан. Харин 2000 оны Ардын хувьсгалын 79 жилийн ойн барилдаанаар арслан цол хүртсэн. Түүний дараа жил аварга цолын болзолыг хангасан. Тэр үед 10-ын даваа үнэлгээгүй байсан. Түүний дараа Д.Сумъяабазар аварга 2006 онд аварга цол хүртсэн. Дараа нь бөхийн холбоо, комисс хуралдаж байгаа надад далай, даян аварга цолыг нь өгөхгүй бол Д.Сумъяабазар аваргын цолд асуудал үүсэх нээ гэж шийдвэрлэсэн байдаг.
Тухайн үед Г.Өсөхбаяр аварга бид хоёрын амжилтыг эрэмбэлэхэд миний нэр дээр нь гарсан байсан. Түүнээс хойш би долоон жилийн хугацаанд барилдаангүй. Хэрэв Г.Өсөхбаяр аваргыг миний дээр эрэмблэнэ гэвэл 2006 оноос өмнөхийг нь эрэмбэлэх нь зүйтэй. Тэгж мэргэжил тал руу нь оруулая гэж хүсч байгаа бол Монголын Үндэсний бөхийг төрийн алба болгох хэрэгтэй. Ард түмнээс санал асуулга авах хэрэгтэй” гэсэн юм.
Бөх судлаач Н.Зоригтбаатар “Би бөх судлаачын хувьд тайлбар хиймээр байна. Өнгөрсөн долоо жилийн хугацаанд Г.Өсөхбаяр барилдсан. Харин А.Сүхбат барилдаагүй. Ийм хоёр хүний өнгөрсөн амжилтыг эрэмбэлээд байна. Хэрэв эрэмбэлэх юм бол 2006 оноос өмнөх амжилтыг нь эрэмбэлэх хэрэгтэй. Бөхийн холбооны дүрэмд “Хэрэв ижил цолтой бол, энэ цолыг авахаас өмнө доод даваануудыг эрэмбэлэх хэрэгтэй” гэж үздэг. Г.Өсөхбаяр аваргын хувьд найм долоо давснаас А.Сүхбат аваргаас хойш 4 удаа долоо давсан байдаг. Долоон жил барилдсан аваргыг, долоон жил барилдаагүй аваргатай яаж харьцуулах гээд байгаа юм” гэв.
Хэвлэлийн хурлын дараа дархан аварга А.Сүхбатаас цөөн асуултад хариулт авсан юм.
-Баяр наадмаар Г.Өсөхбаяр аваргыг зүүний манлайд гарсан ч та барилдах уу?
-Дархан аварга хэмээх өндөр цолыг хайрласан ард түмэндээ би амалсан. Энэ сайхан цолыг авахын тулд би залуу насаа үндэсний бөхийн спортод үрсэн. Миний хувьд үгээр хэлэхийн аргагүй үнэ цэнэтэй зүйл. Гэвч өнөөдөр энэ сайхан цолыг үнэ хүндгүй болгох, эрэмбийг нь бууруулах асуудал тулгарч байна.
-Г.Өсөхбаяр аварга нэгэн хэвлэлд ярихдаа “Өнгөрсөн жилүүдэд би А.Сүхбат аваргад буулттай ханддаг байсан. Энэ жил ямар ч буулт хийхгүй” гэсэн байдаг.
-Г.Өсөхбаяр, А.Сүхбат гэдэг хүний асуудал биш шүү дээ. Бид хоёр найзууд.
Өнгөц харахад, улсын баяр наадмын зүүний магнайд Г.Өсөхбаяр бид хоёрын аль нэгийг нь гаргах асуудал яригдаж байгаа ч, үнэндээ цаана нь монгол бөхийн жудаг, уламжлалын талаарх асуудал яригдаж байна. Энэ цолын үнэлэмжийг Баяр наадмын комисс, Үндэсний бөхийн холбооэоос бууруулдаг зүйл биш. Хэрэв бууруулах бол Ерөнхийлөгч бууруулна. Ер нь эрэмбийг ингэж булааж авч болохгүй шүү дээ.
-Үндэсний бөхийн холбоо хуралдаад хоёр аваргыг хүлээж авч уулзана гэж байсан. Уулзсан уу?
-Өнөөдөр 14 цагт Үндэсний бөхийн хуралдаанд хүрэлцэн ирнэ үү гэсэн урилга ирсэн. Харин би сэтгүүлч та бүхэнд хэвлэлийн хурал зарласан байсан учраас очиж чадаагүй.
-Та долоо жилийн өмнө зодог тайлсан. Гэвч эргэж ирэхдээ зүүний манлайг булаацалдаж байгаа нь зарим хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ. Ер нь ингэж хэл амтай барилдах шаардлага байгаа юм уу?
-Барилдах чинь сайхан шүү дээ. Зарим хүн миний барилдаанд дуртай шүү дээ. Бөхийн холбооноос өнгөрсөн жил амьд сэрүүн байгаа, 50-иас доош насны бөхчүүдийн эрэмбийг тогтоосон байна. Гэтэл миний нэрийг оруулаагүй байдаг. Бодвол намайг “Бурхан болсон” гэж үзсэн юм байлгүй. Тэд бичснээр Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр гээд бичсэн байгаа юм. Тэгэхээр ийм байж болохгүй. Хүний бүтээсэн түүх хөдөлмөрийг баллаж болохгүй шүү дээ. Үүнд би бухимдалтай байгаа. Монгол бөхийн холбоо шинэчлэгдэх ёстой, түүхээ үнэн зөв бичих ёстой. Барилдах уу, үгүй юу дурын асуудал. Хамгийн гол нь монгол бөхийн түүхийг үнэн бичиж, уламжлалаа авч үлдэх ёстой.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ