Хэт даврагчдыг дэмждэг багш нарыг баривчилжээ
2015-07-08

Израйлийн дөрвөн багшийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг дэмжиж, сурагчдыг алан хядагч болохыг уриалан дуудсан хэмээн буруутгаж, баривчилсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. “Hura” дунд сургуулийн багш Акрам Алаб Ахмад, Башир Жабран Салим, Хамза Абу али Абу, Мухаммед Алаб Абу нарыг баривчилсан байна. Багш нар хичээлийнхээ үеэр хэт даврагчдын сүлд дууг дуулахаас гадна Сири улсад алан хядах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байсныг тогтоожээ.

 

Тэд хэт даврагчидтай цахим сүлжээгээр холбогдож, мэдээлэл солилцдог байсан хэмээн цагдаагийн газраас мэдээллээ. Цагдаагийн газраас “Эдгээр багш халдлага үйлдэхээр төлөвлөж байснаас гадна хичээлийнхээ цаг дээр хэт даврагчдын үйл хэргийг зөвтгөж, өсвөр үеийнхнийг хэт даврагч болохыг уриалдаг байсан. Тэд багш, сурган хүмүүжүүлэгч гэх сайхан үгсээр өөрсдийнхөө жинхэнэ төрхийг нууж, алан хядах ажиллагаа зохион байгуулж, алан хядагчдыг олон жилийн турш бэлдэж байсан. Цагдаа нар тэдний жинхэнэ төрхийг илчлэхээр ажиллаж байна. Боловсролын салбарт хүртэл хэт даврагчид шургасан нь биднийг түгшээж байна” гэж мэдэгджээ.

 

Цагдаагийнхан тэдний шавь гэгдэх хоёр алан хядагчийг мөн баривчилсан байна. Тэд Ирак, Сирид тулалдаж, хэд хэдэн алан хядах ажиллагаа зохион байгуулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин