Филиппинийн нийслэл Манила хотноо байрлах БНХАУ-ын Элчин сайдын яамны гадна олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаал байгуулсан тухай “www.wantchinatimes.com” мэдээллээ. Жагсагчид “Хятадууд зайлцгаа”, “Бидний газар нутгаас явцгаа”, “Улсын асуудалд хөндлөнгөөс оролцохоо боль”, “Хятад эзэдтэй худалдаа, үйлчилгээний байгууллагууд хаалгаа барь”, “Паната далайн эргийн газар бол биднийх” гэх зэрэг лоозон барьцгааж, дургүйцлээ илэрхийлсэн байна.
Жагсаалыг зохион байгуулагч Ренато Рейс “Филиппинд байгаа хятадуудын тоо хяналтаас гарлаа. Бид эх орныхоо бүрэн бүтэн байдалд санаа зовниж байна. Бид энэ улсын эзэд. Тиймээс бид шийдвэр гаргадаг, гол хүмүүс гэдгээ батлан харуулахын тулд ийнхүү жагслаа. Хятад Паната далайн эргийн газрыг өөрийн эзэмшлийн газар хэмээн мэдэгдсээр байгаа. Энэ бол буруу” гэж хэлжээ.
Хоёр улс 1995 оноос хойш Паната далайн эргийн газрыг өөрийн эзэмшлийнх хэмээн мэдэгдсээр байгаа. 2013 оны эхээр Хятадын усан цэргүүд маргаантай бүсэд нэвтэрсэнээс болж хоёр улсын улсын харилцаа муудсан юм. Энэхүү үйл явдлын дараа Филиппинийн удирдлагууд Хятадыг олон улсын арбитрын шүүхэд өгчээ.
Жагсаалыг тараахын тулд Филиппинд суугаа Элчин сайд Зао Жинхуа “Паната далайн эргийн асуудлаар хоёр улсын удирдлагууд ярилцах нь зөв. Тиймээс нэн даруй жагсаалаа тараах хэрэгтэй. Мөн энэхүү жагсаалтай холбогдуулан Филиппинийн Засгийн газраас тайлбар хийхийг хүсч байна” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг