Цолоор бус амжилтаар эрэмбэлсэн гэдгээ тайлбарлав

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зүүнийг хэн магнайлах вэ гэсэн асуудал өнөөг хүртэл маргаан дагуулсан. Тэгвэл энэ маргаанд Үндэсний бөхийн холбоо цэг тавьж, дархан аваргуудын асуудлыг шийдэж, дархан аварга Г.Өсөхбаяр хүчит бөхийн барилдааны зүүнийг магнайлах болсныг мэдэгдлээ.
Энэ үеэр Үндэсний бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Д.Данзан “Монголын Үндэсний Бөхийн Холбооноос энэ жилийн наадмаар зүүний магнайд дархан аварга Г.Өсөхбаярыг гарч барилдуулахаар боллоо. Яагаад түүнийг зүүний магнад гаргах болсон үндэслэлээ гурван бүлэг хэсгээр тайлбарлая.
Юун түрүүнд, дархан аваргуудыг цолоор нь эрэмбэлнэ гэсэн заалт ямар ч хууль дүрэмд байхгүй учраас тэднийг амжилтаар нь эрэмбэлэхээр болсон гэдгээ мэдэгдье.
Нэгдүгээрт, Бөхийг эрэмбэлэх субъект, дүрмийн тухай.
Хоёр дархан аваргыг хэрхэн эрэмбэлэх асуудал нь тов тодорхой дүрэмтэй тул МҮБХ энэ дүрмийг баримтлан өнгөрсөн жилийн наадмаар тэднийг эрэмбэлсэн билээ.
Энэ бол Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор батлагдсан "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм" юм. Уг дүрмийн 3.5-д "Бүртгүүлсэн бөхчүүдийн цол болон амжилтаар нь эрэмбэлсэн жагсаалтыг Монголын үндэсний бөхийн холбоо тус тус гаргах бөгөөд энэ жагсаалтад ороогүй бөхийг барилдуулахгүй" гэж заасан байдаг.
Энэ заалт бол бөхийг эрэмбэлэх үүрэгтэй субъект нь МҮБХ мөн болохыг хуульчилсан заалт юм. Өнөөдрийн байдлаар бөхийг эрэмбэлэх эрх бүхий МҮБХ-ноос өөр субъект, бөхийг эрэмбэлэх талаар дээрх дүрмээс өөр хууль, дүрэм, журам алга байна.
Энэ дүрмийн 3.6.1-д "Ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь ... эрэмбэлнэ" гэж заасан байна. МҮБХ энэ заалтуудыг баримтлан бөхөө эрэмбэлсээр ирсэн бөгөөд 2014 оны наадмаар хоёр шинэ дархан аваргыг ч ингэж л эрэмбэлсэн болно.
Дүрмээр олгосон эрх бүхий мэргэжлийн байгууллага дүрмийн дээрх тодорхой заалтыг баримтлан Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарыг өнгөрсөн жил эрэмбэлсэн атал А.Сүхбат энэ эрэмбийг хүлээн зөвшөөрөхгүй маргаан үүсгэсэн, Г.Өсөхбаяр ард түмнээ хүндлээд баруун талаас гарснаар хууль ёсны эрэмбээ эдэлж чадаагүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015.07.03-ны өдөр Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх даргатай Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүдийг хүлээн авч баяр наадмын бэлтгэл ажилтай танилцах явцдаа энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулж хоёр дархан аваргыг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, дүрмийг баримтлан (цолны үнэмлэхийн дугаарыг баримтална гээгүйг анхаарна уу) эрэмбэлж, Үндэсний их баяр наадмыг үймээн сануунгүй зохион байгуулах талаар чиглэл өгсөнд гүнээ талархаж байгаагаа энэ ялдамд илэрхийлж байна. Ерөнхийлөгч хоёр бөхийн эрэмбийн тухайд өөрийн байр суурийг ийнхүү нэгэн утгатай илэрхийлснээрээ А.Сүхбатын өөрт нь өгсөн өргөдөлд хариу өгсөн хэрэг юм.
МҮБХ тэргүүлэгчдийн хурлаар хоёр дархан аваргыг "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн 3.6.1 заалтыг баримтлан амжилтаар нь эрэмбэлэхээ албан ёсоор нотолсноо Үндэсний бөхийн салбар хороонд уламжилсан. Даян аварга цолтой байхдаа Г.Өсөхбаяр, А.Сүхбатын өмнө эрэмбэтэй байсан бөгөөд амжилтын хувьд Г.Өсөхбаяр 3 удаа 8 давсан амжилтаараа 8 даваагүй А.Сүхбатаас илүү тул эхэнд эрэмбэлэгдэх нь нэн ойлгомжтой.
Хоёрдугаарт, “Цолны болзол хангасан оныг баримтлахгүй байгаа тухай”
Дээрх дүрмийн 3.6-д "...2003 онд цол хүртсэн бөхчүүдээс эхлэн үзүүлэн амжилтаар нь дараах үзүүлэлтээр эрэмбэлэн жагсаалтанд оруулна" гэж зааснаас өөрөөр буюу цолны болзол хангасан оныг харгалзан эрэмбэлнэ гэсэн ямар ч заалт алга байна.
Ерөнхийлөгчийн 2004 оны зарлигт "А.Сүхбатыг 2004 онд, Г. Өсөхбаярыг 2009 онд дархан аварга цолны болзол хангаснаар тооцсугай гэж заагаагүй . Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, адилхан нэг нэг өдөр гарсан, адилхан олон бөхөд цол нөхөн олгосон, адилхан заалттай учраас хоёр аваргыг оноор нь биш, амжилтаар нь эрэмбэлж байгаад эргэлзэх зүйлгүй юм.
Гуравдугаарт, Дархан аваргуудыг эрэмбэлдэггүй тухай
Дархан аварга цолтныг эрэмбэлэхгүй байгаа тухайд 2003 онд гарсан хуулинд дархан аварга цолтой болж нэгэнт дархлагдаад байсан бөхчүүдийн хуучин эрэмбийг хэвээр үлдээхээр хуульчилсан бөгөөд хоёр бөх нэг өдөр дархан аварга болж байгаа энэ удаагийн нөхцөлд тэднийг эрэмбэлэх нь зүйн хэрэг.
Харин энэ хоёр бөх цаашид барилдан амжилт нь ямар ч байдлаар өөрчлөгдлөө гэхэд энэ удаад тогтоосон эрэмбийг дахин өөрчлөх ёсгүй юм. Иймд тэднийг 1966 онд дархан аварга болсон Ж. Мөнхбат, 1971 онд дархан аварга болсон Х.Баянмөнх нартай адилтган ярих нь утгагүй хэрэг билээ” гэв.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ