Уфа хотноо Путин ирлээ
2015-07-08

ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотод энэ сарын 8-10-ны өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ болон БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах гэж байна. Нээлтийн ажиллагаа Улаанбаатарын цагаар 16.00 цагт эхлэх аж. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр Уфа хотноо хүрэлцэн ирсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ. ШХАБ болон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт цуг зохион байгуулагдаж байгаа юм. ШХАБ уулзалтад Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жасоб Зума, Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко нар оролцох аж.

 

Путин маргааш буюу энэ сарын 9-нд Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссаф болон Тажикстаны Ерөнхийлөгч Эмомаль Рахман нартай уулзахаар болжээ. Тэд Грекийн эдийн засгийн асуудлаар байр сууриа солилцохоор болсон хэмээн Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.

 

Энэ сарын 10-нд Путин БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзах бол маргааш өдөр нь Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, Узбекстаны Ерөнхийлөгч Ислам Каримов болон Ерөнхий сайд Намаз Шарифтай уулзаж, ярилцахаар болжээ.

 

Путин БРИКС-ийн уулзалтад оролцож буй удирдлагуудад “Нормандын дөрвөл”-ийн Минскийн гэрээний хэрэгжилтийн талаар илтгэл тавихаар болжээ. 2006 оны зургадугаар сард Санкт-Петербург хотноо ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн удирдлагууд чуулж, эдийн засгийн БРИКС холбоог байгуулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mongol oroltsono
2015-07-08