Улс орныг хөгжүүлэх зүтгүүр нь хувийн хэвшил
2015-07-08

"Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж ба эдийн засгийн тогтвортой өсөлт" хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.  Уг арга хэмжээг  УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон “Монголоо шинэчилье клуб” ТББ-аас хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт   аж үйлдвэрийн салбар, техник технологийн чиглэлийн төрийн бус байгууллагууд болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо.  Хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэх талаар санал солилцсон юм.


Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь хэлэлцүүлгийг нээж:

 

-Экспортын бүтээгдэхүүний 80 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 90 гаруй хувийг технологийн багтаамжгүй бүтээгдэхүүн эзэлж байгаа нь манай улсын аж үйлдвэрийн хөгжил сул байгааг харуулж байна. Аж үйлдвэрийн талаар УИХ-аас удаа дараалан тогтоол шийдвэр гаргасан ч хэрэгжилт нь хангалтгүй байна. Түүнчлэн бодлогын асуудал олон салбарт хуваагдаж байгаад шүүмжлэлтэй хандаж, тус салбарыг хамгаалж хөгжүүлэх зорилгоор 2030 он хүртэл хэрэгжүүлэх Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлагдсан хэмээв.


Хэлэлцүүлгийг санаачлагч, УИХ-ын гишүүн, “Монголоо шинэчилье клуб” ТББ-ын тэргүүн Д.Ганхуяг хэлсэн үгэндээ:

 

-Саяхан УИХ Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлан гаргасан. Энэ бодлогын үндсэн зорилт нь аж үйлдвэрийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, улсын эдийн засагт нөлөө бүхий үйлдвэрийн салбарын өсөлтийг дэмжих, зарим үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний дотоодын зах зээлийг хамгаалах, шинэ аж үйлдвэрийн салбарыг байнга судлах, алс хэтдээ ирээдүйтэй аж үйлдвэрийн салбарыг урьдаас төлөвлөн хөгжүүлэх, шинэ зах зээлийг нээх, бүтээгдэхүүн, үйлчилгээг гадны зах зээлд худалдахад үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн байгаа. Мөн хөгжилтэй орнуудын аж үйлдвэржсэн туршлагыг судалсны үндсэн дээр оюуны өмчийн эрхээр баталгаажсан  үндэсний түүх, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан дэшилтэт техник, технологи, мэдлэг, мэдээлэл, инновацид суурилсан соёлын болон бүтээлч аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилтыг уг бодлогод суулгаж өгсөн. Бодлогоо баталчихлаа, одоо түүнд нийцсэн хууль гаргах ёстой. УИХ-аар Засгийн газраас өргөн барьсан Үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа. Энэ хууль батлагдсанаар экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэн борлуулж эхэлсэн аж ахуйн нэгжийг дэмжих заалтуудыг тусгаж өгсөн. Төслийн эцсийн найруулгыг чуулганаар сонсгосон тул тун удахгүй төрийн мэдээлэлд гарч, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Энэ бүхэн эцсийн дүндээ үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа. Учир нь хувийн хэвшлийнхэн л улс орныг хөгжүүлэх гол зүтгүүр гэдгийг онцоллоо.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tusgal zutguur
2015-07-08
Зочин:
shiidel tbb
2015-07-08